Монголд амьдарч байсан япон цэргүүдийн тухай ном хэвлэжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-01-17 09:47:08
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ТЕГ-ын тусгай архиваас 1945-1947 онд Монголд байсан япончуудын тухай “Дайны золиос болсон хүмүүс” ном хэвлэн гаргалаа. Уг бүтээлд олзлогдсон япон цэргүүдийн Монгол дахь амьдрал, үйл ажиллагааны талаар шинэ сонирхолтой баримтуудыг дэлгэжээ.

ТЕГ-ын тусгай архивын орлогч дарга Б.Эрдэнэбилэг “1945 оны чөлөөлөх дайн ба БНМАУ-ын Улсыг аюулаас хамгаалах байгууллагын үйл ажиллагаа” сэдэвт судалгаагаар түүхийн ухааны докторын зэрэг хамгаалж, улмаар шинжлэх ухааны доктор Ж.Урангуатай хамтран дээрх бүтээлийг ном болгосон нь энэ аж. 


Түүхээс харахад, 1945 оны чөлөөлөх дайны дараахан Монголд ажиллах хүч ихээхэн шаардлагатай байсан учир ЗХУ-д хүсэлт тавьсны дагуу зургаан удаагийн цуваагаар, 12300 гаруй олзлогдсон япон цэрэг мөн оны намар Монголд хөл тавьсан баримт бий.

Тэднийг аж үйлдвэрийн комбинат, шохойн үйлдвэр, Сүхбаатар шүдэнзний үйлдвэр болон бусад сангийн аж ахуй, Налайхын нүүрсний уурхай, тоосгон завод зэрэгт ажиллуулжээ. Олзлогдогсдын дотор жолооч, слесарь, загасчин, тариачин, төмөр замчин, сэтгүүлч, нягтлан бодогч, багш, гэрэл зурагчин зэрэг мэргэжилтэй 1000 орчим хүн байсан байна. 1947 оны 10 дугаар сарын 14-28-ны хооронд Японы 10705 олзлогдогсдыг нутаг буцаасан бөгөөд олзонд байхдаа гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн этгээдүүдийг Монголд үлдээн, хожим 1957 онд Хятадаар дамжуулан буцаажээ.  Нийт 13 япон цэрэг манай улсын хуулиар шийтгэгдсэн байдаг аж.

Холбоотой мэдээ