Жендэрийн сургагч багш нарыг бэлтгэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2019-01-14 11:08:09

Ховд /МОНЦАМЭ/ Аймгийн ЗДТГ-аас төрийн албан хаагчдын жендэрийн талаарх ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх, орон нутгийн албан байгууллагуудад бие даан сургалт явуулах ур чадвар бүхий сургагч багш нарыг бэлтгэх нэг өдрийн сургалт зохион байгууллаа.

“Жендэрийн сургагч багш бэлтгэх” сэдэвт уг сургалтад нийгмийн бодлогын асуудал эрхэлсэн байгууллага болон Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын төлөөлөл 20 гаруй мэргэжилтэн хамрагдав.

Сургалтын хүрээнд жендэрийн тэгш байдлын ойлголт, жендэрийн бодлого төлөвлөлт, хүйс ба жендэрийн ялгаа, мэдрэмж, хэвшмэл бодлого, ялгаварлан гадуурхалт, жендэрт суурилсан хүчирхийллийн өнөөгийн байдал, цаашид анхаарах асуудлын талаар холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл хийлээ. Мөн жендэрийн салбар хорооноос сум, баг, байгууллагуудтай хамтран ажиллах боломж, орон нутгийн аж ахуйн нэгж, байгууллагын бодлогод жендэрийн асуудлыг тусгаж, үр дүнтэй хэрэгжүүлэх гарц шийдэл, арга зүйн зөвлөмжийн талаар хэлэлцсэн юм. 

Энэхүү сургалт нь жендэрийн мэдрэмжтэй хандлагыг бий болгох, аймаг орон нутгийн хөгжилд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тэгш эрх, оролцоог хангахад чухал ач холбогдолтой бөгөөд оролцогчид шинэ мэдлэг, ур чадвараа өөрийн болон байгууллагынхаа үйл ажиллагаанд тусган хэрэгжүүлэх давуу талтай гэж зохион байгуулагчид онцлон хэллээ.

“Жендэрийн тэгш байдлыг хангах тухай” хууль, “Жендэрийн тэгш байдлыг хангах” аймгийн дэд хөтөлбөрийн хүрээнд хийсэн сургалтын төгсгөлд оролцогчдод “Жендэрийн сургагч багш”-ийн сертификат гардуулжээ.

                                                                                                            Н.Лхагва


Холбоотой мэдээ