Шинэ жилийн баярын үйл ажиллагаа эхэлснээс хойш хэрэг, зөрчил 2000 хүрэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-12-18 15:14:09
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн хэмжээнд ердийн үед хоногт 1600 гаруй хэрэг зөрчлийн дуудлага ирдэг ч шинэ жилийн баярын үйл ажиллагаа эхэлснээс хойш 2000 хүрч ихэссэн талаар НЦГ-ын дэд дарга И.Баттөгс мэдээллээ.

Шинэ жилийн баярыг тохиолдуулан хүмүүс олноор цугларч баяр тэмдэглэж байгаатай холбогдуулан НОБГ, НЦГ, НМХГ-аас болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж буй ажлуудаа өнөөдөр танилцуулах үеэр дээрх баримтыг хэлсэн юм.

НОБГ-ын дарга, Хурандаа Ж.Чүлтэмсүрэн “Шинэ жилийн баярын үйл ажиллагаа эхэлсэнтэй холбогдуулан цагдаа, онцгой байдал, мэргэжлийн хяналтын байгууллагаас хяналт шалгалт явуулж байгаа. Олныг хамарсан баярын үйл ажиллагаа явуулж буй томоохон ресторануудад Онцгой байдлын байгууллагаас галын аюулгүй байдалд хяналт тавьж байна. Мөн пиротехникийн хэрэгсэл хэрэглэхгүй байх анхааруулга, сэрэмжлүүлгийг зарим ААН-үүдэд хүргэж ажиллав. Нийслэлд Пиротехникийн хэрэгсэл худалдаалах, хадгалах эрхтэй хоёр компани байдаг. Тус компаниуд Онцгой байдлын газрын хяналтанд үйл ажиллагаагаа явуулна” гэв.

НЦГ-ын дэд дарга, хурандаа И.Баттөгс, "Цагдаагийн байгууллага “Шинэ жил” арга хэмжээг өнөөдрөөс улс орон даяар эхлүүллээ. Энэ ажлын хүрээнд цагдаагийн байгууллагын хүч, техник хэрэгслийг нөөц боломжоор бүрэн ажиллана. Түүнчлэн ХСИС-ийн 361 сонсогч оюутныг эргүүлд нэмэлтээр ажиллуулах төлөвлөгөөтэй байгаа. Албан байгууллага ААН-үүдийн камержуулалтыг сайжруулах арга хэмжээ авч ажиллаж байна. Мөн Онцгой байдлын алба хаагчидтай манай цагдаа нар хамтран тэсэрч дэлбэрэх салют, пиротехникийн худалдаанд хяналт тавьж байна" гэлээ. 

НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш, “Баярын үйл ажиллагаа эхэлсэнтэй холбоотой НМХГ-аас 4 чиглэлээр хяналт шалгалт хийж байна. Шалгалтын хүрээнд хугацаа дууссан, эрүүл ахуй, хадгалалтын нөхцөл хангаагүй хүнсний бүтээгдэхүүн худалдаалах зөрчил ихээр гарлаа. Манай байгууллагаас шинэ жилийн баярын хүлээн авалт, үйл ажиллагаа явуулж байгаа томоохон ресторан, үйлчилгээний газруудад урьдчилан сэргийлэх зорилгоор хяналт шалгалт явуулж, илэрсэн зөрчлийг арилгах анхааруулга, зөвлөмж өгөх, албан шаардлага хүргүүлэн ажиллаж байна" гэв.

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ