Таван сумын малчид гэрээсээ гар утасны үйлчилгээ авах боломжтой боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-11-30 17:20:20

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу хөдөөгийн иргэдэд холбооны үйлчилгээг хүртээмжтэй болгох зорилгоор Асгат, Халзан, Онгон, Эрдэнэцагаан, Мөнххаан Түвшинширээ сумдыг хамрах таван цэгт хээрийн сайт байгуулж, гар утасны сүлжээ нэвтрүүллээ. Ингэснээр хэлбэл тус газар нутгийн малчид гэрээсээ гар утасны үйлчилгээг авах бүрэн боломжтой болжээ.

Дээрх газруудад хийгдсэн хээрийн сайтууд нь баг, сум, аймгийн төв, аялал жуулчлалын бүс, Улаанбаатар хот орох улс, орон нутгийн чанартай гол замын маршрутын дагуу байрласан ба найман сумын 1500 орчим өрхийн 5000 орчим иргэнд хүрч үйлчлэх хүчин чадалтай юм байна. Одоогоор бүх цэгт үүрэн телефоны юнител групп өөрийн сүлжээг нэвтрүүлээд байгаа аж. Цаашид бусад үүрэн телефоны сүлжээг шат дараатайгаар нэвтрүүлэх юм байна.

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн тус ажлыг “КЭЙ ӨҮ ЭМ ЭМ ЖИ ЭЛ” ХХК хийж гүйцэтгэсэн ба улсын комисс ажлын гүйцэтгэлийг хангалттай гэж үнэлжээ.

2017 онд Дарьганга сумын зуугийн овоо, Жарын овоо, Мөнххаан сумын Бүрэнцогт багийн төвийн хээрийн сайтын барилга, цамхагийн ажлыг бүрэн гүйцэтгэн мөн ашиглалтад оруулсан гэх мэдээллийн аймгийн ЗДТГ-аас өглөө.

 

 

Холбоотой мэдээ