“Орос хэл,соёлын бүсийн арга хэмжээ” эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-11-02 21:41:52

Ховд/МОНЦАМЭ/ Монголын Энх тайван, найрамдлын байгууллагын 60 жилийн ой, Монгол-Оросын хамтын ажиллагааны найрамдлын сарын хүрээнд “Орос хэл, соёлын бүсийн арга хэмжээ”-г энэ оны 11 дүгээр сарын 02-нд Ховд аймагт эхэллээ.

Монгол-Оросын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, түүний дотор орос хэл, оросын соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилготой тус арга хэмжээг ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, Найрамдлын Нийгэмлэгүүдийн Монголын Эвлэл, Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төв, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн Боловсрол, соёл урлагийн газар хамтран зохион байгуулж байна.

Ховд аймгийн Засаг даргын орлогч Т.Жаргалсайхан өнөөдөр Монгол-Оросын хамтын ажиллагааны найрамдлын сарын хүрээнд зохион байгуулах “Орос хэл, соёлын бүсийн арга хэмжээ”-нд оролцохоор хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчидтэй уулзалт хийлээ.

Уулзалтад ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга, Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн захирлын үүрэг гүйцэтгэгч Татьяна Чагдуровна Будаева, Найрамдлын нийгэмлэгүүдийн Монголын эвлэлийн дэд тэргүүн, ШУТИС-ийн доктор, профессор Б.Энхбат, Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн ахлах референт-орчуулагч Владимир Сергеевич Зимирев, ОХУ-ын Алтайн Техникийн их сургуулийн захирал Михалл Шишин болон ОХУ-ын Барнаул хотын Алтайн их сургуулийн багш нарын төлөөлөл, холбогдох албаны хүмүүс оролцлоо.

Энэ үеэр Монгол-Оросын хамтын ажиллагааны давуу тал, “Орос хэл, соёлын бүсийн арга хэмжээ”-ний зохион байгуулалт, төлөвлөгөө, орон нутагт Орос хэл, соёлыг түгээн дэлгэрүүлэхийн ач холбогдол, боломжуудын талаар ярилцаж, талууд харилцан санал солилцов.

Монгол-Оросын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, түүний дотор орос хэл, оросын соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилготой “Орос хэл, соёлын бүсийн арга хэмжээ”-ний нээлт 11 дүгээр сарын 03-ны өдөр ерөнхий боловсролын 2 дугаар сургууль дээр зохион байгуулагдаж, 12 дугаар ангийн сурагчдын дунд явуулах “Орос хэлний олимпиад”, “Шилдэг багш” уралдаан, “Орос дуу, шүлгийн уралдаан” зэргээр үргэлжилнэ.

Холбоотой мэдээ