АТГ-ын ажлын хэсэг Булган аймагт ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-10-19 16:40:52

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт АТГ-ын хяналт шалгалт дүн шинжилгээний хэлтсийн албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэхээр ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна.

Албаныхан Баяннуур, Дашинчилэн, Хишиг-Өндөр суманд ажиллаад эдүгээ Аймгийн төвд ажиллаж буй. Өмнө нь 2017 оны 11 дүгээр сард тус аймгийн Бугат, Сайхан, Баян-Агт, Бугат сум, аймгийн ЗДТГ, харьяа агентлагт ажиллаж зөвлөмж өгчээ. Энэ удаа Авилгын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилт, төсөв санхүү, худалдан авалт, Орон нутгийн хөгжлийн сан, Засаг даргын нөөц хөрөнгийн зарцуулалт, хүний нөөцийн бодлого, албан тушаалтны шийдвэрийн ил тод байдал зэргийг шалгаж,  өмнө нь  өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийг ч шалгаж буй.

Мөн Худалдан авах ажиллагаа хийгээд Сум хөгжүүлэх сан, Орон нутгийн хөгжлийн сангийн зарцуулалтад тусгайлан хяналт тавих,  хүний нөөцийг шударгаар сонгон шалгаруулж байгаа эсэхийг шалгаж байна гэж ажлын хэсгийн ахлагч Ц.Цэцэгдэлгэр ярилаа.

Тус аймгийн гурван суманд ажилласан байдлаас үзэхэд Сум хөгжүүлэх сангийн зээлийн эргэлт төлөлт зогссон, зарим удирдлага өөрсдөө зээл аваад төлөөгүй, журмын дагуу олгодоггүй, төсвийн хөрөнгийг журмын дагуу зарцуулаагүй зөрчил гарсан аж. АТГ-аас өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэх талаар хяналт тавиагүй, нийтлэг зөрчлийг давтан гаргаж байгаа учраас аймгийн удирдлагад тусгайлан үүрэг чиглэл өгнө гэж АТГ-ын ажлын хэсгийнхэн мэдэгдлээ.

М.Батжаргал

Холбоотой мэдээ