Албадан эмчилгээ хийлгэж буй иргэдийг мэргэжил олгох сургалтад хамруулдаг болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Согтуурах, мансуурах донтой, өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан
эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийг УИХ 2000 онд баталсан байна. Энэ
хуулийн дагуу албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар нь ШШГЕГ-ын харьяанд
байгуулсан байна. Гэвч шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад эмч, эмнэлгийн мэргэжлийн
удирдлага байдаггүй. Тиймээс Засгийн газраас өргөн мэдүүлсэн шинэчилсэн
найруулгын төсөлд албадан эмчилгээг мэргэжлийн удирдлагаар хангах эрүүл мэндийн
байгууллагыг СЭМҮТ байхаар заасан байна. Мөн албадан эмчилгээ хийлгэж буй
хүмүүсийн нийгмийн байдлыг дээшлүүлэх зорилгоор ажил, мэргэжлийн чиг баримжаа
олгох сургалтад хамруулдаг байх зохицуулалт тусгасан юм.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан байнгын хорооны гишүүд асуулт
асууж, хариулт авлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Батзандан иргэдийг согтуурах,
мансуурах бодист донтохоос сэргийлэх чиглэлд ямар ажил хийхээр төлөвлөснийг
тодрууллаа.
Монгол Улсын нийт насанд хүрсэн иргэдийн 51.5 хувь архи хэрэглэдэг байна.
Тиймээс иргэдийг донтох өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлдэрүүл мэнд, нийгэм,
хууль эрхзүй гээд бүхий л салбар хамтран ажиллах шаардлагатай байгааг ажлын
хэсгийн гишүүд хэллээ. Мөн хууль баталсны дараагаар согтуурах, мансуурах бодист
донтохоос урьдчилан сэргийлэх үе шаттай арга хэмжээ авч хэрэгжүүлнэ гэдгийг
дурьдсан юм.
Түүнчлэн гишүүд хуулийн төсөл батлагдсан тохиолдолд улсын төсвөөс гарах
хөрөнгийн хэмжээ, төслөөс албадан хөдөлмөр эрхлүүлэх тухай заалтыг хасах болсон
шалтгааныг тодрууллаа.
Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг, “Албадан хөдөлмөр эрхлүүлэх нь
Монгол Улсын нэгдсэн орсон Хүний эрхийн тухай болон холбогдох бусад конвенцид
нийцдэггүй” гэсэн хариулт өгөв. Мөн хуулийн төсөл батлагдсан тохиолдолд 120
орчим сая төгрөгийн төсөв шаардагдах бөгөөд шаардагдах хөрөнгийн мэдээллийг
Сангийн яаманд хүргүүлж, зөвшилцөлд хүрсэн хэмээв.
Ийнхүү байнгын хорооны хуралдаанаар ажлын хэсгээс ирүүлсэн зарчмын болон
найруулгын зөрүүтэй 10 гаруй саналаар санал хураалт явуулж, дүгнэлтээ чуулганы
нэгдсэн хуралдаанд танилцуулах болов.