Хугацаанаас өмнө халаалт дулаанаар хангах үүрэг өгөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-09-26 14:40:38

Ховд/МОНЦАМЭ/.Шинээр томилогдсон Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав “Ховд дулааны станц” болон “Бадамлах дөл” дулааны станцын удирдлагыг есдүгээр сарын 26-нд  хүлээн авч уулзлаа.

Тэрээр хүйтний ам наашилж цаг агаар муудаж, хүйтэрч байгаа учир  орон сууцны оршин суугчид, нялх балчир хүүхдүүд, ахмадуудын тав тух алдагдаж байгааг харгалзан  хугацаанаас өмнө халаалт дулаанаар яаралтай хангах үүрэг чиглэл өглөө. Эхний ээлжинд орон сууцны айл өрх, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн халаалтыг өгөхийг сануулав. 

Ховд Дулааны  станц хувьд өвлийн бэлтгэлээ тодорхой хэмжээгээр хангасан тул халаалтыг есдүгээр сарын 26-наас урьдчилан өгөх боломжтой гэсэн бол "Бадамлах Дөл" дулааны станц шугам шүлжээний засвар үйлчилгээ хийх, нүүрсний нөөц бүрдүүлэх, өр авлага барагдуулах зэрэг багаггүй ажлыг  гүйцэтгэх шаардлагатай байгаа аж.

Ховд аймгийн дулааны станцууд жил бүрийн 10 дугаар сарын 1-нээс иргэд байгууллагыг халаалтаар хангаж эхэлдэг. Шугам сүлжээний эвдрэл гэмтлийг олох, засвар үйлчилгээ хийх зэрэг ажил ундарсаар  байтал бараг 10 дугаар  сарын дунд хүрдэг талаар албаныхан тодотгов. 

                                                                                                                                                              А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ