Шатрын улсын аваргууд 7 өдрийн дараа тодорно

МОНГОЛЫН МЭДЭЭ
dusem11@yahoo.com
2016-02-17 09:49:26

Монгол Улсын шатрын аварга шалгаруулах тэмцээн Завхан аймагт өчигдөр эхэлсэн бөгөөд долоо хоногийн дараа шилдгүүд тодорно.

Тус УАШТ нь Бүх ард түмний XIV наадмын хүрээнд энэ оны нэгдүгээр сараас орон даяар зохион байгуулж байгаа өвлийн хоёр, зуны спортын 16 төрлийн тэмцээний нэг нь юм. Энэхүү наадмын шатрын анхан шатны тэмцээнд эрэгтэй 139, эмэгтэй 54 шатарчин өрсөлдсөн бол хагас шигшээ тэмцээнд эрэгтэй 84, эмэгтэй 54 шатарчин өрсөлдөж эхний 10 тамирчин уран нүүдлээрээ шалгарсан билээ.

Завхан аймагт зохиож буй УАШТ-ий хагас шигшээ тэмцээнээс шалгарсан эхний 10, өнгөрсөн оны аварга нэг, чансаагаараа нэгдүгээрт эрэмбэлэгдэж буй нэг шатарчин нийт 24 шатарчин /эрэгтэй, эмэгтэй/ оролцож байна.

Тэмцээн энэ сарын 24-нийг хүртэл үргэлжилж аваргуудаа шалгаруулна. Засгийн газрын 2015 оны 467 дугаар тогтоолоор шийдвэрлэсний дагуу тус наадмыг Зохион байгуулах хороо байгуулж Монголын Бүх ард түмний спортын XIV их наадмыг орон даяар зохион байгуулж буй уг наадамд нийтдээ 5300 гаруй тамирчин оролцохоор бүртгүүлсэн байна.

Д.Өлзий

Холбоотой мэдээ