Төрийн албан хаагчдын цалинг нэмэх боломж бүрдсэн гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2016-01-08 14:56:53

Төрийн албан хаагчдын цалинг энэ онд нэмэх боломж бүрдсэн талаар Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо /МҮЭХ/-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар мэдээллээ.

Хөдөлмөр нийгмийн гурван талт хэлэлцээрийн үеэр 2015 онд төрийн албан хаагчдын цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийн зардлыг нэмэгдүүлэхэд зарцуулахаар тусгагдсан 90 тэрбум төгрөгийг 2016 оны төсвийн эхний тодотголд шилжүүлсэн. Хэлэлцээр ёсоор Засгийн газар төрийн албан хаагчдын цалинг нэмэх асуудлыг 2016 оны эхний улиралд багтаж шийдэх ёстой гэдгийг Х.Амгаланбаатар хэллээ.

Тэрбээр, “Өнгөрсөн онд МҮЭХ-нд ирсэн үндэслэлгүй ажлаас халагдсан, цалин хөлсөө авч чадахгүй байна гэх гомдол өмнөх онуудаас 10-30 хувиар нэмэгдсэн. Үндэслэлгүй ажлаас халах зөрчил дэлгүүр, супермаркет, зоогийн газар зэрэг үйлчилгээний байгууллагад зонхилсон. Мөн эдийн засаг хүндрэлтэй гэх шалтгаанаар цалин хөлснөөс үндэслэлгүй суутгал хийсэн, мэргэжлийн зэргийн нэмэгдэл, ээлжийн амралт олгоогүй гэх асуудлаар 700 гаруй хүн хандсан байна. Цалингаа цагт нь өгдөггүй байгууллагын ажилтнууд эвлэлдэн нэгдэж, дотроо үйлдвэрчний эвлэл байгуулсных нь төлөө ажлаас нь халах явдал цөөнгүй гарчээ. 2016 онд эдгээр асуудлыг шийдвэрлэх, гишүүдийнхээ ажлын байрыг хадгалах, бодит орлогыг нэмэгдүүлэх, амьдралын чанарыг дээшлүүлэхэд түлхүү анхаарахаас гадна тэдэнд үзүүлж буй хууль эрх зүйн туслалцааг улам өргөжүүлнэ” гэлээ.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ