284 дүгээр ангид Байлдааны туг гардуулах ёслол боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-12-15 11:02:19

Өвлийн дунд сарын шинийн гуравны билэгт сайн энэ өдөр буюу өчигдөр Зэвсэгт хүчний 284 дүгээр ангийн бие бүрэлдэхүүнд Байлдааны туг гардуулах ёслолын арга хэмжээ боллоо.

Байлдааны туг нь ангийн бие бүрэлдэхүүний сүсэглэн дээдлэх ариун шүтээн, оройн сүлд, золбоо хийморийн бэлэгдэл юм. Зэвсэгт хүчний 284 дүгээр анги нь Монгол Улсын нутаг дэвсгэрийг зурагжуулах, Улсын хил тогтоох, тодотгох ажилд оролцож ирсэн түүхэн гавьяатай хамт олон төдийгүй батлан хамгаалах салбар, зэвсэгт хүчний хэмжээнд цэргийн байр зүй, геодезийн хангалтыг тасралтгүй явуулж байна. Тус ангид УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонг ирэхэд Хүндэт харуул угтан авсан. Үүний дараа Ц.Цолмон сайд Байлдааны тугийг Зэвсэгт хүчний 284 дүгээр ангийн захирагч, дэд хурандаа Д.Энхцогт гардуулав. Энэ арга хэмжээнд БХЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Г.Сайханбаяр, ЗХЖШ-ын Бодлого, стратеги төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Ж.Бадамбазар, Зэвсэгт хүчний Ерөнхий зориулалтын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар нар оролцлоо. Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон " 30 гаруй жилийн түүхтэй Зэвсэгт хүчинд байр зүй, геодезийн салбарыг хөгжүүлэх үйл ажиллагааг амжилттай явуулж байгаа ангид байлдааны туг гардуулсандаа баяртай байна. Цэргийн ангийн дайчин уламжлал, эх орноо батлан хамгаалах ариун үүрэг, цэргийн нэр төр, алдар гавьяаны илэрхийлэл болсон цэргийн ангийн байлдааны туг хүлээн авч байгаа та бүхэн ангийнхаа нэр алдрыг ямагт өргөж, цэргийн эрдэм мэдлэг, ажил үйлсээрээ бусдыгаа манлайлна гэдэгт итгэлтэй байна" гэсэн үгээр тугийг нь мялаав.  Ангийн захирагч, дэд хурандаа Д.Энхцог "Цаашдаа ангийн штабын байрыг давхар болгож ажлын байраа томсгох, орчин үеийн геодези, багаж хэрэгслээ нэмэгдүүлэх шаардлагатай" байгаагаа сайдын анхааралд хүргэсэн юм. 

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ