Хөтөлбөрийн хүрээнд 1049 иргэн архины хамаарлаас татгалзжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
sarantsetseg@montsame.gov.mn
2015-12-03 10:33:54

Хэнтий аймагт “Архигүй-Хэнтийчүүд” хөтөлбөр 3 жилийн хугацаанд амжилттай хэрэгжсэнээр аймгийн хэмжээнд 1000 гаруй иргэн архины хамаарлаас ангижирч, энэ оны 9 сарын байдлаар гэмт хэргийн гаралт 21.7 хувь, согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргийн гаралт 53.7 хувь, гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 73,3 хувь, тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн тоо 23,4 хувиар буурсан үзүүлэлт гарчээ.

Хэнтий аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдийн 2013 оны 02 дугаар сарын 08-ний өдрийн 23 тоот тогтоолоор "Архигүй Хэнтий" хөтөлбөр батлагдаж байсан бөгөөд тус хөтөлбөр 3 дахь жилдээ амжилттай хэрэгжин үр дүнгээ иргэдтэйгээ хуваалцлаа.

“Өөдрөг амьдралд тэмүүлсэн он жилүүд” нэгдсэн арга хэмжээгээр өнөөдөр “Архигүй-Хэнтийчүүд” хөтөлбөрийн 3 жилийн хэрэгжилтийг тайлагнах чуулга уулзалтаар үргэлжиллээ.

Чуулганыг нээж “Архигүй Хэнтийчүүд” хөтөлбөрийг санаачлагч, зохион байгуулагч, аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар үг хэллээ. Мөн чуулганд уригдаж ирсэн зочид, төлөөлөгчид индэрт гарч энэхүү арга хэмжээний талаар сэтгэгдлээ хуваалцав.Энэхүү арга хэмжээний хүрээнд зохион байгуулсан спорт, урлагийн наадамд бусдыгаа хошуучлан оролцсон тамирчдад шагнал гардууллаа.

Энэ үеэр аймгийн ЗДТГ-аас шинээр гаргасан “Хан Хэнтийн алдартан” тэмдгийн дээжийг “Архигүй-Хэнтийчүүд” хөтөлбөрийг дэмжин ажилласан болон, хөтөлбөрт хамрагдаж, архины хамаарлаасаа татгалзсан зоригтон эрчүүдийн төлөөлөлд гардуулж өгөв.Уг ёслолын дараа сумдаас ирсэн багуудын дунд зохион байгуулсан урлагийн наадмын гала концерт болж, шилдгүүдээ шалгарууллаа.

Мөн энэ хугацаанд “Архигүй-Хэнтийчүүд” хөтөлбөрт хамрагдаж, архины хамаарлаасаа татгалзсан 19 иргэнд гэр олгож, 457 иргэнийг мэргэжлийн сургалт, ажлын байранд зуучилан, 111,7сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл, тусламж олгов.

О.Буянхишиг

 

 

Холбоотой мэдээ