Цусны даралт ихдэлтийн эрт илрүүлгийг 80 хувьд хүргэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ariunbold@montsame.gov.mn
2018-03-16 11:57:39
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НЗДТГ, Нийслэлийн эрүүл мэндийн газар, “Оном сан” хамтран хэрэгжүүлж буй “Эрүүл зүрх-Эрүүл Улаанбаатар” хөтөлбөрийн албан ёсны нээлт өнөөдөр боллоо.

Монгол Улс 100 мянган хүн амд ногдох зүрх, судасны өвчний улмаас нас баралтын тоогоор дэлхийд нэгдүгээрт бичигдэж байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад нийт нас баралтын шалтгааны 30 хувийг зүрх, судасны өвчин эзэлж байгаа бөгөөд энэ нь дэлхийн дунджаас дөрөв дахин их үзүүлэлт юм. Тиймээс зүрх судасны өвчлөл, түүнээс үүдэлтэй нас баралтын тоог бууруулах зорилгоор Швейцарийн “Новартис сан”-гийн дэмжлэгтэйгээр энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлж буй юм. Хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш зургаан сар болж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн 250 гаруй эмчийг чадавхжуулах сургалтад хамруулж, иргэдийн дунд “Артерийн даралт ихдэлтийн талаарх мэдлэг, хандлага, дадлыг тодорхойлох суурь судалгаа” хийжээ. Цаашдаа нийслэлийн 142 Өрхийн эрүүл мэндийн төвийн  1000 гаруй эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалтад хамруулах, цусны даралт хэмжих багажаар хангах, даралт ихдэлтийг бууруулах чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг өрнүүлэхээр төлөвлөсөн байна. Ингэснээр нийслэлийн иргэдийн дунд цусны даралт ихдэлтийн эрт илрүүлгийг 80 хувьд хүргэнэ хэмээн үзэж байгаа юм.

Хөтөлбөрийн нээлтийн үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч, Нийгмийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Ш.Анхмаа, “Нүүдэлчин ард түмэн суурин соёл иргэншилд шилжсэнээр иргэдийн дунд хөдөлгөөний дутагдал, таргалалт нэмэгдэж байна. Энэ нь зүрх судасны өвчлөл, түүнээс үүдэлтэй нас баралтын гол шалтгаан болж байгаа юм. Тиймээс нийслэлийн иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалах, тэр дундаа зүрх судасны өвчлөлийг бууруулах шаардлага зүй ёсоор тулгарч байна” гэлээ.

Мөн нээлтийн үеэр өнөөдөр нийслэлийн төвийн зургаан дүүргийн 25 Өрхийн эрүүл мэндийн төвд цусны даралт хэмжих төхөөрөмж хандивлав. Цаашдаа нийслэлийн 142 хороог энэхүү төхөөрөмжөөр хангахаар төлөвлөсөн байна.

Дашрамд дурьдахад Швейцарь улсын “Новартис сан” “Эрүүл зүрх- Эрүүл хот” хөтөлбөрийг дэлхийн гурван улсад хэрэгжүүлж байгаа бөгөөд Азиас Улаанбаатар хотыг сонгожээ.

Ч.Ариунболд
Гэрэл зургийг Б.Чадраабал
Холбоотой мэдээ