Хурдан морины уралдааныг тавдугаар сарын нэгэн хүртэл хориглов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-03-01 09:05:44
Ховд/МОНЦАМЭ/ Аймгийн Засаг дарга Д.Галсандондог Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ийн “А”, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 17 дугаар зүйлийн 17.1.2, Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 19 дүгээр тогтоолын 1 дэх заалтуудыг тус тус үндэслэн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр А/82 дугаар захирамжаар Хурдан морины уралдааныг зохицуулах зарим арга хэмжээний тухай захирамж гаргав.
 
Хурдан морь унаач хүүхдийн амь бие, эрүүл мэндэд учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд энэ оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс  05 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахгүй байхыг сумдын Засаг дарга, Морин спорт, уяачдын холбооны тэргүүн нарт даалгажээ.
Уг захирамжийн биелэлтэнд аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн газар хяналт тавьж ажиллаж байна.
Монгол түмний үндэсний их баяр наадам болон тэмдэглэлт ой, ёслол хүндэтгэлийн арга хэмжээний үеэр хурдан морины уралдаан зохион байгуулагдаж байгаа нь түүхэн уламжлалаа түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэн үлдээх давуу талтай хэдий ч уралдаанч хүүхдүүдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалд эрсдэл учирч байна. Ховд аймгийн хэмжээнд 2017 онд 22 удаагийн хурдан морины уралдаан зохион байгуулагдсанаас хаврын уралдаан 6, зуны уралдаан 16 удаа зохион байгуулагджээ. Үүнд 2560 морийг 610 хүүхэд унаж уралдсан байна. Уралдааны явцад мориноос унаж нас барсан 1, хүнд гэмтэл авсан 2, хөнгөн гэмтэл авсан 9, уралдааны явцад мориноос унасан боловч гэмтэл бэртэл аваагүй 26 хүүхэд байгаа гэсэн статистик мэдээлэл байна.


 
                                                                                                                                               А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ