Ши Жиньпин одоогийн үүрэгт хугацаагаа дууссаны дараа БНХАУ-ыг дахин удирдаж магадгүй

ДЭЛХИЙД | Улс төр
dorjkhand@montsame.mn
2018-02-26 11:08:19
БЭЭЖИН. /Синьхуа/Би-Би-Си/. БНХАУ-ын эрх баригч Хятадын Коммунист нам /ХКН/ Үндсэн хуульд оруулахаар төлөвлөж буй багц өөрчлөлтийн саналаа ням гарагт буюу өчигдөр нийтэд танилцуулсныг “Синьхуа” агентлаг уламжлав.

Үндсэн хуульд оруулахаар төлөвлөж буй нэмэлт өөрчлөлтүүдийн дундаас хамгийн их анхаарал татаж байгаа нь “БНХАУ-ын дарга болон дэд даргын бүрэн эрхийн хугацаа нь Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын сонгуулийн хугацаатай адил буюу эдгээр албан тушаалд нэг хүн таван жилийн хугацаатайгаар хоёр дараалан сонгогдон ажиллаж болно” гэсэн Үндсэн хуулийн заалтыг халах тухай санал аж. Өөрөөр хэлбэл, тус улсын дарга болон дэд даргын албан тушаал хаших хугацааны хязгаарлалтыг цуцлахаар  төлөвлөж байна. Хэрвээ энэ өөрчлөлт Хятад улсын Үндсэн хуульд орвол тус улсын даргаар 2012 онд сонгогдсон Ши Жиньпин одоогийн үүрэгт хугацаагаа дууссанаас хойш буюу 2023 оноос дахин улсаа удирдах боломжтой болно гэсэн үг.

"Би-Би-Си" теоевизийн мэдээлснээр, ирэх сарын эхээр болох 13 дахь удаагийн сонгуулийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын анхдугаар чуулганы үеэр Үндсэн хуульд дээрх нэмэлт өөрчлөлтийг орлуулах гэж байгаа бололтой.

Мөн ХКН “Ши Жиньпиний Хятадын онцлогтой социализмын эрин үеийн талаарх үзэл баримтлал”-ыг Үндсэн хуульд оруулах санал дэвшүүлжээ. Хятад улсын даргын албан тушаал хашиж байхдаа өөрийн үзэл баримтлалаа Үндсэн хуульд оруулна гэдэг нь маш ховор тохиолдол юм.

Ши Жиньпин 2012 онд Хятад улсын дарга болсноосоо хойш нэр нөлөөгөө бэхжүүлсээр ирсэн юм.  ХКН өнгөрсөн намар болсон XIX их хурлынхаа үеэр Ши Жиньпиний үзэл баримтлалыг намынхаа үндсэн дүрэмд албан ёсоор тусгаж өгсөн билээ.  Ингэснээр Ши Жиньпин нь нэр хүндээрээ БНХАУ-ыг үндэслэн байгуулагч Мао Зэдунтэй эн зэрэгцэж очсон юм. Үүнээс өмнө Мао Зэдун, Дэн Сяопин гэсэн хоёрхон удирдагчийн үзэл санааг ХКН үндсэн дүрэмдээ тусгаж байсан аж. Өөрөөр хэлбэл, Ши Жиньпин нь Мао Зэдун, Дэн Сяопин гэсэн Хятад улсын аугаа хоёр удирдагчтай адил нэр хүндтэй болсон гэсэн үг. Дэн Сяопины үзэл баримтлалыг түүнийг таалал төгссөнийх нь дараа ХКН-ын үндсэн дүрэмд тусгаж байсан ажээ.
Г.Доржханд

Холбоотой мэдээ