Пхеньянд өнөөдөр томоохон цэргийн парад болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2018-02-08 11:19:27
ПХЕНЬЯН. /Эн-Эйч-Кэй/. БНАСАУ Солонгосын ардын арми /САА/ байгуулагдсаны 70 жилийг ойг тохиолдуулан өнөөдөр томоохон цэргийн парад зохион байгуулах гэж байгаа тухай эх сурвалжууд мэдээлж байна.

Японы “Эн-Эйч-Кэй” телевизийн мэдээлснээр, сүүлийн 10 сарын хугацаанд БНАСАУ-д зохион байгуулах гэж буй анхны цэргийн парадын үеэр сүүлийн үеийн цэргийн техник хэрэгслүүд, тухайлбал алсын тусгалтай баллистик пуужинг нийтэд дэлгэн үзүүлж магадгүй гэж ажиглагчид таамаглаж байгаа юм.

Жил бүрийн дөрөвдүгээр сарын 25-нд тэмдэглэдэг байсан САА байгуулагдсаны ойг энэ онд хоёрдугаар сарын 8-нд тэмдэглэхээр шийдсэнээ БНАСАУ-ын эрх баригч Солонгосын хөдөлмөрийн намын Төв хорооны Улс төрийн товчоо өнгөрсөн сард зарласан билээ.

Өмнөд Солонгост болох “Пёнчан-2018” өвлийн олимпийн наадам эхлэхийн өмнөх өдөр зохион байгуулах гэж буй уг парадад 12 мянган цэрэг, 200 орчим цэргийн техник хэрэгслийг хамруулах аж. Пхеньян хотын төв талбайд болох энэ парадын бэлтгэлийг тус хотын захад хангаж байгаа нь хиймэл дагуулаас авсан зургуудаас харагдаж байна АНУ-ын судалгааны байгууллага мэдэгдсэн байна.

БНАСАУ-ын “АНУ-ын эх газарт хүрч цохилт өгөх хүчин чадал бүхий тив алгасах пуужин” гэж тодорхойлоод байгаа пуужинг нь энэ парадын үеэр харах боломж олдож магадгүй гэж шинжээчид хэлжээ. Өнгөрсөн оны 11 дүгээр сард Пхеньян мэдэгдэл хийхдээ “Бид “Хвасон-15” хэмжээх тив алгасах шинэ төрлийн пуужинг амжилттай туршлаа” гэсэн юм.

Цөмийн болон пуужингийн хөтөлбөрөөсөө татгалзахгүй гэдгээ АНУ-д харуулах зорилгоор энэ удаагийн парадыг зохион байгуулах гэж байна гэж ажиглагчид үзэж байна.

Г.Доржханд
Холбоотой мэдээ