Итали парламентаа тараажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-12-29 09:39:50
РОМ. /Би-Би-Си/. Италийн Ерөнхийлөгч Сержо Маттарелла парламентаа тараасантай холбоотойгоор тус улс ирэх оны гуравдугаар сарын 4-нд бүх нийтийн сонгууль хийхээр болжээ.

 “Би-Би-Си” телевизийн мэдээлснээр, пүрэв гарагт буюу өчигдөр Ерөнхийлөгч С.Маттарелла парламентыг тараах тухай зарлиг буулгасны дараа тус улсын Засгийн газар хуралдаж, сонгуулийн товыг гаргасан байна.

Цагаачдын урсгалыг зогсоох, тэдэнтэй холбоотойгоор үүссэн хямралыг шийдвэрлэх дорвитой арга хэмжээ авч чадсангүй гэж зүүний төвч үзэлт эрх баригч Ардчилсан намыг сөрөг хүчнийхэн шүүмжилж, шахалт үзүүлсээр байсан юм.

Сахарын цөлөөс урагш орших Африкийн улсуудын иргэд голдуу цагаачдын цуваа тасрахгүй байгаа нь тус улсад тулгамдсан хамгийн том асуудлуудын нэг болоод байгаа билээ.

Сая тарсан парламент нь 2013 онд байгуулагдаж байсан бөгөөд тэр үеэс хойш гурван ч ерөнхий сайдыг сольсон юм.

НҮБ-ын Дүрвэгчдийн асуудал хариуцсан газрын мэдэгдсэнээр, энэ он гарснаас хойш Италид 119247 хүн Газар дундын тэнгисийг завиар гатлан очоод байна. Тус тэнгисийг гатлах явцдаа 3000 хүн живжээ.
Г.Доржханд
Холбоотой мэдээ