Дулааны станцын нүүрс дамжуулах хоолой ажиллахгүй байгаагаас гараар зөөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-12-27 10:26:51
Ховд /МОНЦАМЭ/ Ховд дулааны станцад үүссэн нөхцөл байдлын улмаас Улаанбаатар хотоос Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, Эрчим хүчний яамны дулааны хэлтсийн дарга Т. Батдондог болон бусад албан төлөөллүүд тус станцад ажиллаж байна. Тус ажлын хэсэг үүссэн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, аймгийн Онцгой комиссын хуралдаанд оролцож үүрэг чиглэл өглөө.

Одоогоор зуухны ажиллагаа хэвийн явагдаж байгаа ч нүүрс дамжуулах хоолой ажиллахгүй байгаагаас нүүрсийг гар аргаар зөөвөрлөж байгаа юм. Шаардагдах сэлбэг хэрэгслийг БНХАУ-ын Эрээн хотоос захиалж авчруулж байгаа бөгөөд 3-5 хоногт багтаж орон нутагт ирэх тооцоотой байна.
Мөн Дулааны станцын барилгад галын улмаас үүссэн эвдрэл гэмтлийг яаралтай засварлаж, цонх хаалгыг битүүлж хэвийн ажиллагаанд оруулахыг өнөөдрийн Онцгой комиссын хуралдаанаар үүрэг болголоо. Албан байгууллагын удирдлагууд болон Онцгой комиссын гишүүдийг жижүүр гарган ажиллахыг мөн үүрэг болголоо. Мөн шаардлагатай нөхцөлд нүүрсийг зуух руу гар аргаар зөөвөрлөх арга хэмжээнд туслах хүсэлтэй иргэд болон аж ахуй нэгжүүдийг сайн дураараа оролцох боломжтойг дуулгалаа. 
Түүнчлэн гал гарсан нөхцөл байдал буюу Онцгой байдлын дүгнэлт хараахан гараагүй байгаа юм. Үүнийг тодруулахаар Цагдаа, Тагнуул, Шүүхийн шинжилгээ болон бусад холбогдох албаныхан ажиллаж байна. Онцгой байдлын ерөнхий газрын дэр дарга, "эхний ээлжинд бид үүсээд буй гамшгийн нөхцөл байдлаасаа яаралтай гарах асуудалд анхаарал хандуулж ажиллах ёстой. Хэн нэгэн буруутныг тогтоох, хохирлыг барагдуулах асуудал бол дараагийн асуудал шүү" гэдгийг онцлоод яаралтай арга хэмжээ авч Ховд дулааны станцыг хэвийн ажиллагаанд нэн даруй оруулахад анхаарч ажиллахыг үүрэг болголоо.
                                                                                                                               А.Бямбасүрэн
Холбоотой мэдээ