Төрийн жинхэнэ албаны сул чөлөөтэй 55 ажлын байр нөхөгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-12-19 13:03:03
Баянхонгор /МОНЦАМЭ/. Төрийн албанд анх орох иргэний мэргэшлийн шалгалтыг энэ онд хоёр удаа зохион явуулжээ. Тус шалгалтаар дэс, туслах түшмэлийн 54 ажлын байр зарлагдаж, нийт 405 хүн өрсөлдсөнөөс төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад 132 иргэн бүртгэгдсэн байна.
Тус шалгалтуудаар нөхөгдсөн ажлын байр 31, бүртгүүлээгүй буюу тэнцээгүй ажлын байр 23 байгааг албаныхан мэдээллээ.
Түүнээс гадна төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг 2017 онд дөрвөн удаа, төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд томилогдох ажилтын сонгон шалгаруулалтыг таван удаа зохион байгуулжээ. Харин төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны дөрвөн удаагийн сонгон шалгаруулалтаар нийт 24 ажлын байр зарлагдаж, 59 иргэн нээлттэй өрсөлдөж 22 ажлын байр нөхөгдөж, 43 иргэн төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын нөөцөд бүртгэгдэж, нэгээр тэнцсэн иргэд ажлын байрандаа томилогдсон байна.
Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтад давхардсан тоогоор 33 ажлын байр зарлагдаж, 25 иргэн бүртгүүлэн өрсөлдөж хоёр иргэн тэнцэж, хоёр ажлын байр нөхөгджээ.
                                                                                                                                       Б.Мөнхзул
Холбоотой мэдээ