Сэлэнгийнхэн өнгөрөгч онд спортын амжилтаар арвин байв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-12-16 15:50:21
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил аймгийнхаа хөгжил дэвшлийн төлөө олон салбарт хүчин зүтгэж, амжилт гаргаж яваа иргэдээ дэмжиж, санхүүгийн болоод эд материалын тусламж үзүүлсээр ирсэн. Гэвч түүний спортын салбарт нэлээд түлхүү дэмжлэг үзүүлж буй нь “спортыг дэмжигч Засаг дарга” хэмээгдэхэд хүргээд  байгаа юм.
Аймгийн Засаг даргын зүгээс оны эхний 11 сарын байдлаар биеийн тамир, спортын салбарт нийтдээ 63.4 сая төгрөгийн дэмжлэгийг үзүүлсэн байна. 2017 он гарсаар түүний хамгийн анхны дэмжлэг нь 2017 оны 02 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд Франц Улсын Парис хотноо болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дараах чансаа өндөр “Их дуулга”-д оролцох Жүдо бөхийн тамирчид байлаа. Энэхүү Жудогийн тамирчдад нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлж, тэд Засаг даргын итгэлийг шагналт 5-р байранд шалгарсан амжилтаар биелүүлжээ.
Мөн XYII жарны “Алтан унжлагат” гал тахиа жилийн хаврын тэргүүн сарын сар шинийн баярыг угтсан улс, аймаг, сумын цолтой хүчит 64 бөхийн барилдаан, Улс, аймаг, бүсийн баяр наадам, орон нутгийн хурдан морины уралдаан, түүнчлэн дотооддоо зохион байгуулагдаж буй улсын болоод бүсийн аварга шалгаруулах идэрчүүдийн волейболлын тэмцээн гээд түүний дэмжсэн, ивээн тэтгэсэн тэмцээн уралдааны тоо нэлээд цуваа эзэлнэ.
Иймээс дотооддоо зохион байгуулагдсан спортын тэмцээнүүдийг орхиод зөвхөн гадаад улсад зохион байгуулагдсан заримыг нь онцлоё. Тухайлбал БНХАУ-ын Хонг Конг хотод өнгөрсөн 04-р сарын 22, 23-ны өдрүүдэд болсон Азийн хотуудын “Алтан цом” олон улсын таеквондогийн А зэрэглэлийн тэмцээнээс Мандал сумын “Хараагийн хөх чоно” клубын тамирчид 2 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртсэн байна. Мөн 08 дугаар сард Бразил Улсын Риодежанейро хотод болсон “Өсвөрийн шатарчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн”-ээс Ерөө сумын харьяат Б.Тэнүүнболд хүрэл медаль хүртэж, Дэлхийн шатрын холбооны дэд мастер буюу кандитат цолны болзлыг хангаад иржээ. Түүнчлэн 06-р сарын 15-наас 17-ны өдрүүдэд АНУ-ын Вашингтон хотод зохион байгуулагдсан Өсвөрийн Жудогийн Бага олимпод Б.Шинэтулга, М.Батбилэг нар оролцож, тус бүр алтан медаль хүртэв. Мөн 06-р сарын 29-нөөс 07 дугаар сарын 16-ны өдрүүдэд Ирланд болон Косова улсад зохион байгуулагдсан Боксын Олон Улсын тэмцээнүүдээс “Улаан ирвэс” клубын дасгалжуулагч, тамирчид амжилттай оролцож, Б.Хонгорзул, О.Есүгэн нар алт алтан медаль, н.Бүрэнчимэг мөнгөн медаль хүртэж, Б.Хонгорзул эмэгтэй шилдэг тамирчин болсон юм. Мөн Дублины Улсын аварга шалгаруулах шилдэг тамирчидтай хийгдсэн халз тулаанаас дээрх гурван тамирчин тус бүр алтан медаль, Английн Бэлпаст хотноо зохиогдсон тэмцээнээс мөн гурвуулаа алтан медаль хүртэж, аймгийн даргын дэмжлэгийг амжилтын буухиагаар хариулжээ.
Итгэл өгсөн тамирчид нь зүтгэлээ шингээн амжилт үзүүлж буйд урамшсан аймгийн Засаг дарга Ш.Оргил ийнхүү дэмжлэгийнхээ ихэнхийг спортод зориулсан буй ажээ.
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ