СЭЛЭНГЭ: ОХУ-ын Ерөнхий консул болон Хиагтын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2026-04-20 15:15:54

Сүхбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/Сэлэнгэ аймгийн удирдлагын баг ОХУ-аас Дархан-Уул аймагт суугаа Ерөнхий консул Артём Валерьевич Оганов болон ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Хиагт хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.


Уулзалтад Хиагт хотын ИТХ-ын дарга Анжелика Александровна Ванкеева, Засаг даргын орлогч Евгений Александрович Цыдыпылов, Санхүүгийн газрын дарга Елена Бадмаевна Брыкова, Боловсролын газрын дарга Наталья Базаровна Дылыкова нар оролцсон байна.


Уулзалтаар ОХУ-аас Дархан-Уул аймагт суугаа Ерөнхий консул Артём Валерьевич Оганов Ялалтын баярын үйл ажиллагааг хамтран тэмдэглэх, 5 дугаар сарын 15-нд Хиагтад болох соёлын үйл ажиллагаа, үзэсгэлэн худалдаанд Сэлэнгэ аймгийн төлөөллийг оролцохыг урилаа.

 

Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж Хиагт хотын ЕБС-д сурч буй 30 хүүхдээс гадна шинээр нэмж суралцах хүсэлтэй хүүхдүүдийг танилцуулж, орос хэлний багш нарыг Сэлэнгэ аймагт ажиллуулах саналыг  уламжиллаа.

 

Хоёр тал хамтын ажиллагааны хүрээнд дээрх асуудлуудыг хамтран шийдвэрлэж, албан ёсоор ажил хэрэг болгон ажиллахаар боллоо.

  

Энэхүү хамтын ажиллагаа нь зөвхөн боловсролын салбарт төдийгүй хоёр орны найрамдалт харилцааг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулахаас гадна Сэлэнгэ аймгийн хүүхэд багачууд дэлхийн боловсролын жишигт нийцсэн мэдлэг, чадварыг эзэмшихэд бодит түлхэц болж байна.

 

Холбоотой мэдээ