Гадаад оюутнууд Сэлэнгэ аймагт дадлага хийлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Багшийн коллежийн дадлагажигч оюутнууд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ерөнхий боловсролын сургуулиудад багшлахуйн дадлага хийлээ.
Энэ оны 2 дугаар сарын 25-наас 3 дугаар сарын 20-ны хооронд БНБУ-ын Багшийн коллежийн 19 дадлагажигч оюутан Сэлэнгэ аймгийн 15 сургуульд орос хэл болон бага ангийн багшийн чиглэлээр хичээл зааж, сургалтын үйл ажиллагаанд оролцон, арга зүйн туршлага хуримтлуулжээ.
Энэхүү дадлага нь багшийн хомсдолыг бууруулах бодлогын хүрээнд болон Сэлэнгэ аймгийн Боловсролын газар, Багшийн коллежийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу анх удаа хэрэгжжээ.

Сэлэнгэ аймаг боловсролын салбарын хамтын ажиллагаагаа олон улсын түвшинд өргөжүүлэх зорилтын хүрээнд ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын боловсролын байгууллагууд, тэр дундаа багш бэлтгэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Буриадын Багшийн коллежтой харилцаагаа идэвхжүүлж байна.
Мөн боловсролын
чанараа сайжруулах, багшийн ур чадварыг тасралтгүй хөгжүүлэх зорилтыг дэвшүүлэн
ажиллаж байна. Энэ хүрээнд олон улсын хамтын ажиллагааг бодитоор хэрэгжүүлэхэд
анхаарч Буриадын багшийн коллежтой тогтоосон энэхүү харилцаа нь орон нутгийн
боловсролын салбарт шинэ туршлага нэвтрүүлэх, багш бэлтгэх тогтолцоог
сайжруулахад чухал түлхэц болох юм.
Цаашид хоёр
талын хамтын ажиллагаа өргөжин тэлж, боловсролын салбарт бодит үр дүнд хүрч, Сэлэнгэ
аймгийн багш, сурагчдад олон улсын туршлагаас суралцах шинэ боломжийг нээж өгч
байгаагаараа онцлог юм.