Өвөр байгалийн хязгаарын хууль тогтоох хурлын дарга Хэнтий аймагт айлчиллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-11-27 08:27:04
Хэнтий /МОНЦАМЭ/. Өвөр байгалийн хязгаарын хууль тогтоох Хурлын дарга Игорь Дмитриевич Лиханов, Хурлын Нийгмийн бодлогын салбар хорооны орлогч дарга Алексей Викторович Саклаков нар Хэнтий аймагт ажлын айлчлал хийлээ.

Тус айлчлалын бүрэлдэхүүнийг Хэнтий аймгийн ИТХ-ын дарга Л.Батсайхан, Хурлын нарийн бичгийн дарга С.Бат-Эрдэнэ нар хүлээн авч уулзан, хурлын байгууллагуудын хоорондын хамтын ажиллагааны талаар  мэдээлэл солилцсон юм.

Үүний дараа Чингис цамхагийн Ёслол хүндэтгэлийн өргөөнд хурлын байгууллагын тэргүүнүүд хамтран  ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Ингэснээр байгууллага хоорондын, хил орчмын хамтын ажиллагааг хөгжүүлэх, адил тэгш байх зарчимд тулгуурлан бэхжүүлэх, хурлын үйл ажиллагааны талаар туршлага солилцох, ажил хэргийн болон нөхөрсөг харилцааг өргөжүүлэх, найрамдалт харилцааг сэргээн идэвхжүүлэх, соёл, зан заншлыг түгээн дэлгэрүүлэх, хэлний хэрэглээг нэмэгдүүлэх давуу талууд бий болсон байна.

Айлчлалын хүрээнд төлөөлөгчид Чингис хоттой танилцаж, хотын төв цэцэрлэгт хүрээлэн, “Их Эзэн Чингис хааны өлгий нутаг” хүндэтгэлийн  хаалга, Нэгдсэн эмнэлгээр зочилсон юм. Удирдлагууд Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ эмч нарыг дэмжин ажиллах, мэдлэг ур чадварыг нь дээшлүүлэх, эмч нарыг солилцож ажиллуулах, сургалтад хамруулах зэрэг ажлыг үе шаттайгаар зохион байгуулж, харилцан туршлага солилцох чиглэлээр гэрээ хэлэлцээр байгуулах санал гаргалаа. 
Д.Одонтунгалаг
Холбоотой мэдээ