Нутгийн үйлдвэрлэгчид брэнд бүтээгдэхүүний дэлгүүртэй болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-11-17 19:28:15
Баянхонгор /МОНЦАМЭ/. Орон нутгийн үйлдвэрлэгчдээ дэмжих бодлогын хүрээнд аймгийн ЗДТГ, ХХҮГ, Баянхонгор сумын ЗДТГазар хамтран "Баянхонгорт үйлдвэрлэв" үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байгаа талаар бид мэдээлсэн. Тус үзэсгэлэн худалдааг нээж аймгийн Засаг дарга Г.Батжаргал хэлсэн үгэндээ эрэлтэд нийцсэн бүтээгдэхүүнээр аймгийнхаа болон улсынхаа ард иргэдийг хангах зорилго өмнөө тавин ажиллаж байгаа үйлдвэрлэгч бүрт баяр талархал дэвшүүлээд орон нутгийн үйлдвэрлэгчдээ тухайлсан бодлогоор аймаг дэмжиж олон ажил арга хэмжээг зохион байгуулж байгааг онцлов.
Аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газраас жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, иргэдийг ажил орлоготой болгох бодлогын хүрээнд 1.2 тэрбум төгрөгийн төсөв бүхий ажлыг аймагт хийж, улмаар 1000 орчим иргэнийг байнгын болон түр ажлын байраар хангажээ. Тус газар "Старт апп" хөтөлбөрийн хүрээнд төсөл сонгон шалгаруулах уралдаан зарласан ба оролцсон төслүүдээс шалгарсан эхний гурван байрт 6-10 сая төгрөгийн дэмжлэг өгөх болсноо нээлтийн үеэр төслийн эздэд тал хувийг нь гардууллаа.
Баянхонгор аймагт үйлдвэрлэл үйлчилгээг дэмжиж "Ажилсаг" төвийг ашиглалтад оруулж байгаа бол үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ байнгын худалдаалах дэлгүүртэй болгож байгаагаа мөн үеэр дуулгав. "Жигүүр Богд" ХХК-тай хамтарч үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг тогтмол худалдаалах дэлгүүр нээхээр болжээ.
Сонирхуулахад, Жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжих ажлын хүрээнд аймагт үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний зах зээлийг тэлж Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудад тогтмол худалдаалах цэгтэй болгожээ. Тус хотуудын иргэд Баянхонгорт үйлдвэрлэсэн, эрүүл, чанартай бүтээгдэхүүнүүдийг тухайн салбар төвүүдээс үндсэн үнээр нь, тогтмол худалдан аваад байх боломж бүрдэж байна.
                                                                                                                   Б.Мөнхзул

 
Холбоотой мэдээ