Багийн Засаг дарга нарыг өглөөний цайнд урилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-11-17 13:02:01

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар багийн Засаг дарга нарыг өглөөний цайнд урьж ярилцлаа.
Салбар бүрийн хүмүүсийн төлөөллийг аймгийн дарга нар урьж тулгамдаж буй асуудлыг хэлэлцдэг "Өглөөний цай" уулзалт уламжлал болоод байгаа юм. Энэ удаагийн өглөөний цайнд  Даланзадгад сумын найман багийн Засаг дарга нарыг урьж уулзан иргэдэд тулгамдаж буй асуудлыг хөндөн хэлэлцлээ.
Орон сууц болон зориулалтын талбайд хүүхдийн тоглоом бий болгох, тоосжилтыг бууруулж хүүхдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор сургуулийн орчимд нэмж зам талбай байгуулах зэрэг нэн тэргүүний асуудлыг ярилцсаны зэрэгцээ төрийн ажил үйлчилгээг илүү сайжруулахад тулгамддаг асуудлаа багийн Засаг дарга нар танилцууллаа.
Тодруулбал багийн барилгыг ээлж дараатайгаар шинэчлэх, цэвэр бохир дулааны асуудлыг шийдэж ажиллах нөхцөл боломжийг сайжруулах, иргэдэд хүрч үйлчлэхэд унаа машин маш их хэрэгцээтэй байдаг бөгөөд багуудын дунд ч хамаагүй унаа шийдвэрлэж өгөх саналуудыг аймгийн удирдлагуудад уламжиллаа.
Аймгийн Засаг дарга Н.Наранбаатар хэлэхдээ багийн төвийн барилгыг гурван жилийн дараа гэхэд ээлж дараагаар шинэчилнэ гэдгээ онцлоод гол нь бид төрийн үйлчилгээг ямар нэг авилга, ашиг сонирхлын зөрчилгүй, түргэн шуурхай иргэдэд хүргэхэд уялдаа холбоотой хамтарч ажиллана гэдгээ илэрхийлж, ажлын өндөр амжилтыг хүслээ.

Д.Мишигсүрэн


Холбоотой мэдээ