Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн багийн ИНХ-ын дарга нарыг чадавхжуулах сургалт болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2017-11-02 19:39:53
Дархан-Уул /МОНЦАМЭ/. УИХ-ын Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс “Төлөөллийн байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын анхан шатны нэгж буюу багийн Иргэдийн нийтийн хурал/ИНХ/-ын дарга нарыг чадавхжуулах сургалтыг улс орон даяар зохион байгуулж байна. 
Үүний дагуу өнөөдөр Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн багийн ИНХ-ын дарга нарыг чадавхжуулах сургалт эхэллээ. 
УИХ-ын Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс энэ онд нийслэл, аймгууд, сум, дүүргийн ИТХ-ын 8000 гаруй төлөөлөгчдийг суурь сургалтад хамруулсан бол энэ удаад багийн ИНХ-ын дарга нарын үндэсний сургалт, аймаг, дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн сургалтыг улс орон даяар зохион байгуулж байгаа энэ юм. 
Энэ төсөл нь нутгийн өөрөө удирдах байгууллага болох бүх шатны хурлын дарга нарын чадавхийг дээшлүүлэхэд оюуны томоохон хөрөнгө оруулалт оруулж болж байгааг Дархан-Уул аймгийн ДУА-ийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат нээлтийн үгэндээ онцлон хэллээ.
Манай аймагт зохион байгуулагдаж байгаа уг сургалтад Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн багийн ИНХ-ын дарга нар, сумдын ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга нараас бүрдсэн 100 гаруй хүн оролцож, тус хоёр аймгаас бэлтгэгдсэн сургагч багш нар удирдан явуулж байна. 
Сургагч багшаар Дархан-Уул аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Р.Тунгалаг-Эрдэнэ “Нутгийн өөрөө удирдах ёс, багийн ИНХ-ын эрхзүйн үндэс”, “Багийн ИНХ-ын хуралдаан”, ИТХ-ын Тэргүүлэгч А.Янжмаа “Багийн тулгамдаж буй асуудал”, “Асуудалд дүн шинжилгээ хийх нь”, Сэлэнгэ аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Э.Оюунболд “Нутгийн өөрөө удирдах ёс, багийн ИНХ-ын эрхзүйн үндэс”, Сургагч багш Ц.Рэгзэдмаа “Иргэдийн оролцоо” сэдвээр тус тус сургалт зохион байгуулж байна. Энэхүү  сургалт хоёр өдөр үргэлжлэх юм.
Л.Отгонбаатар
 
Холбоотой мэдээ