Завхан аймаг 2018 онд Улаанбаатар хоттой хатуу хучилттай замаар бүрэн холбогдоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-07-30 14:39:19
Завхан/МОНЦАМЭ/. Завханы төв Улиастай хотыг нийслэл хоттой холбох хатуу хучилттай авто замын нэг хэсэг болох Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 114 км замын ажил эрчимтэй үргэлжилж байна. Энэхүү замыг нээх нээлтийн үйл ажиллагааг Тэлмэн суманд зохион байгууллаа.
Нээлтэнд УИХ-ын дэд дарга Я.Санжмятав, Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Доржханд, Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Батболд, Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн зохицуулагч Ц.Түмэнбаяр, Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан болон бусад албаны хүмүүс, орон нутгийн иргэд оролцлоо.  Монгол Улсын Засгийн газарт БНХАУ-ын Засгийн газраас олгосон хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр тавигдаж буй энэхүү зам нь долоон метрийн өргөн, таван  см зузаан асфальтбетон хучилттай, хоёр талдаа 1.5 метрийн өргөн хайрган хөвөөтэй гуравдугаар зэрэглэлийн авто зам болох ажээ. Автозамын барилгын ажлын гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Шинжиан Бэйшин Роуд энд Бридж Групп” ХХК, хяналтын зөвлөхөөр “Гуанжоу Ванан Констракшн Супервишн” ХХК  ажиллаж байна. Туслан гүйцэтгэгчээр Монголын үндэсний дотоодын  гүйцэтгэгч компаниуд болох “Ти Ай Би” ХХК, “Даймонд Рөүд” ХХК, “Энх төгөл бэх” ХХК, “Даблью Экс Пи” ХХК-иуд ажиллаж байна.
Дашрамд  Загастайн давааны 67 км хатуу хучилттай автозамын ажлыг ирэх наймдугаар сараас эхлэхээр төлөвлөөд буй юм. Ийнхүү Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 114 км зам болон Загастайн давааны 67 км автозамын ажил дууссанаар 2018 онд Завхан аймаг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар бүрэн холбогдох юм.
Б.Мягмарсүрэн 
Холбоотой мэдээ