Варшав хотноо болж буй чөлөөт бөхийн тэмцээнээс ОУХМ Б.Шоовдор мөнгөн медаль хүртэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-07-09 06:28:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Варшав хотноо болж байгаа Польшийн эмэгтэйчүүдийн уламжлалт нээлттэй тэмцээн өчигдөр /2017.07.08/ эхэлж, 60 кг-д “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Б.Шоовдор мөнгөн медаль хүртжээ.

Манай улсаас зургаан бүсгүй Варшав
ын дэвжээнд зодоглож байгаагаас эхний өдөр Б.Шоовдороос гадна 55 кг-д “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Э.Даваачимэг хүчээ сорьсон бөгөөд хүрэл медалийн төлөө барилдаад ялагдав.

2014 оны Ази тивийн АШТ-ий мөнгөн медальт, 2015 оны Иван Ярыгиний “Алтан Гран при” болон Польшийн нээлттэй тэмцээний аварга ОУХМ Б.Шоовдорын жинд 10 бөх хүч үзсэн байна. Тэрбээр эхний тойрогт ОХУ-ын Юлия Пронцевичийг 4:1-ээр, шөвгийн наймд Украины София Боднирийг 5:0-ээр, хагас шигшээд Болгарын Мими Христоваг цэвэр ялж аваргын төлөө барилдах эрхтэй болсон. Харин алтан медалийн төлөөх барилдаанд энэ жилийн Ази тивийн АШТ-ий хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагдаж байсан Зоу Жантинтай дахин учраа таарч, 4:8-аар ялагдснаар мөнгөн медалийн эзэн болов.

Энэ жилийн тивийн АШТ-ий хүрэл медальт, залуучуудын дэлхийн аварга ОУХМ Э.Даваачимэгийн жинд 12 бөх барилдсан бөгөөд эхний тойрогт 2015 оны ДАШТ-ий хүрэл медальт, ЕТАШТ-ий мөнгөн медальт Украины Татьяна Китэд 1:6-гаар ялагдсан. Украин бүсгүй шигшээд шалгарснаар манай бөхөд дагах барилдаан гарч Казахстаны Марина Седневаг 9:8-аар ялсан ч хүрэл медалийн төлөөх барилдаанд энэ жилийн “Монголиа опен” ОУТ-д 58 кг-д мөнгөн медаль хүртсэн ОХУ-ын Вероника Чумиковад 3:4-өөр ялагдав.

Өнөөдөр Варшавын дэвжээнд манай улсаас 48 кг-д ОУХМ Э.Нарангэрэл, 75 кг-д ОУХМ Г.Уртнасан нар хүч
, ур чадвараа сорин барилдана.
 

Д.Өлзий

Холбоотой мэдээ