Төвийн бүсийн идэрчүүдийн аваргаар Сэлэнгэ аймгийн тамирчид тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-03-23 21:22:21

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Төвийн бүсийн Идэрчүүдийн аварга шалгаруулах волейболын тэмцээнд Сэлэнгэ аймгийн эрэгтэй, эмэгтэй шигшээ баг тамирчид хоёулаа алтан медаль хүртэж, улсын аваргын тэмцээнд оролцох эрхтэй болжээ.

Өмнөговь аймгийн Цогтцэций суманд амжилттай зохион байгуулагдаж өнгөрсөн даваа гарагт өндөрлөсөн энэхүү тэмцээнд төвийн бүсийн Дархан-Уул, Сэлэнгэ, Төв, Дундговь, Өмнөговь аймгууд оролцжээ. Энэхүү идэрчүүдийн төвийн бүсийн аварга шалгаруулах тэмцээнд охидын багуудаас алтан медалийг Сэлэнгэ аймгийн баг, мөнгөн медалийг Дундговь аймгийн баг, хүрэл медалийг Дархан-Уул аймгийн баг, хөвгүүдийн багуудаас алтан медалийг Сэлэнгэ аймгийн баг, мөнгөн медалийг Өмнөговь аймгийн баг, Хүрэл медалийг Дундговь аймгийн багууд тус тус хүртсэн байна.

Тус тэмцээнд багаа амжилттай бэлтгэн оролцуулсан Сэлэнгэ аймгийн дасгалжуулагч багш О.Наранбаатар шилдэг дасгалжуулагчаар тодорчээ. Дээрх эхний гурван байранд орсон багууд улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авсан байна. 2017 оны Идэрчүүдийн улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээн энэ сарын 25-наас ирэх 4-р сарын 1-ний өдрүүдэд Баянхонгор аймагт болох аж. Эл улсын аваргын тэмцээнд бүсүүдээс шалгарсан нийт эрэгтэй 16, эмэгтэй 16 баг оролцох юм байна.

Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ