УИХ-ын даргаас аваргын шагналаа гардаж авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2017-02-15 12:50:39

Монгол Улсын Засгийн Газрын шийдвэрээр “Монгол улсын аварга малчин” хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртсэн Увс аймгийн Өлгийн сумын Чаргат багийн малчин Цэвээний Доржсүрэнд УИХ-ын дарга Миеэгомбын Энхболд өчигдөр шагналыг нь гардуулан өглөө.

Улсын аваргын хотонд УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд Н.Номтойбаяр, УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат, Эрчим хүчний сайд П.Ганхүү, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле, Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаяр, Зам тээврийн хөгжлийн дэд сайд Г.Цогтгэрэл болон Аймгийн Засаг дарга Д.Батсайхан, ИТХ-ын дарга Э.Насанбат нар очиж хүндэтгэл үзүүлсэн байна. Улсын аваргын шагнал гардуулах үеэр Өлгий сумын удирдлагууд, малчид, ах дүү төрөл төрөгсөд, нутгийн зон олон нь хуран цуглажээ.

Малчин Ц.Доржсүрэн нь мал сүргээ өсгөн үржүүлж ашиг шимийг нь нэмэгдүүлэхийн зэрэгцээ сум, багийнхаа цөөн малтай иргэдийг малжуулах, эмнэлэг, сургууль, цэцэрлэг зэрэг төсвийн байгууллагуудыг дэмжихэд онцгой анхаарч ажилладаг байна. Тэрбээр 2006 онд Улсын залуу малчдын анхдугаар зөвлөлгөөн, 2007 онд 1000 малчны чуулга уулзалтанд оролцож байжээ. 2008 онд аймгийн аварга малчин, ХХААХҮЯ-ны тэргүүний ажилтан цол тэмдгээр тус тус шагнагдсан байна. Сүүлийн 3 жилд 1425-1865 толгой мал тоолуулж, 106,9-109 хувиар төл бойжуулж, сүрэгт хээлтэгч малын эзлэх хувийн жинг бодод 43 хувь, богт 56,3 хувьд хүргэсэн зэрэг амжилтаар “Монгол улсын аварга малчин” цолыг хүртжээ.

Мөн Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Бөхмөрөн сумын Хар-Алтат багийн малчин Чойндонгийн Батжаргал, Хяргас сумын Бугат багийн малчин Бужгарын Баяртогтох, Тэс сумын Нуур багийн малчин Нинжийн Цогтоо, Баруунтуруун сумын Зүүнтуруун багийн малчин Шаравын Даваадорж нар “Монгол улсын аварга малчин” хэмээх эрхэм хүндтэй алдар цолоор шагнуулсан байна.

Мөн Тариалан сумын тариаланч Идэшийн Бүүвэй, Улаангом сумын тариаланч Түдэвийн Хүрэлбаатар нар “Улсын тэргүүний тариаланч”-аар цол хүртээд байна.

 

Б.Батхүү

 

 

Холбоотой мэдээ