Хүүхдүүд сайн үйлсийн аян өрнүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2017-02-06 10:56:31

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Хүмүүн лаборатори 1-р сургуулийн сурагчид “Хариу нэхээгүй тус” сайн үйлсийн аянд нэгджээ.

Тус сургуулийн 11 б ангийн хүүхдүүд Эрдэнэбулган сумын 3-р багийн 5 айлыг сонгон авч, гэр орных нь ажилд туслалцаж байна. Багийн Засаг даргаас нь туслалцаа авч, амьдралын нөхцөл байдлыг нь харгалзан тус хүргэх айлуудыг сонгожээ. Хүүхдүүд аяны хугацаа дууссан ч эдгээр айлуудын сар шинийн бэлтгэл ажилд нь туслахаа хэлж байна. Мөн цагдаа нарт тусалж, хөвгүүд нь замын хөдөлгөөнийг зохицуулахад туслан охид нь сургуулийн орчимд сайн дурын цагдаа хийх юм байна.

Харин 11а ангийнхан тав хоногийн сайн үйлсийн аяныг өрнүүлж байна. Тэд хүний хөдөлмөрийг үнэлж, бусдад туслах, зөв хүн болж төлөвших, хамтач хүмүүжлийн үлгэр дуурайлыг үе тэнгийнхэндээ үзүүлэхийг хичээж байна. 11 а ангийнхан Хот тохижилт үйлчилгээний газрын ажилтнуудад нэг өдрийн үдийн цай болон хөдөлмөрийн аюулгүй байдлынг хангах бээлий, маск зэргийн бэлэглэж, нэг өдөр хамтран цэвэрлэгээ хийж тусалжээ. Мөн тэдний цэвэр тохилог орчны төлөө ажилладаг сургуулийнхаа үйлчлэгч нарт гурван өдрийн турш туслах юм байна.

Хүүхдийн тус багадаггүй гэдэг. Сурагчид түлээ хагалж, гудамж цэвэрлэж, шал угааж, замын хөдөлгөөн зохицуулж байна. Тэд зөвхөн энэ аянаар зогсохгүй, цаашид олон ажлыг санаачлан сайн үйлсийг хэрэгжүүлж, үеийн нөхдөө уриалахаар төлөвлөж байна.

О.Амарзаяа

Холбоотой мэдээ