“La La Land” кино шилдгийн шилдгээр шалгарлаа

Дэлхийд | Соёл урлаг
nyamtulga@montsame.mn
2017-01-09 13:39:19

ЛОС-АНЖЕЛЕС. /Channelnewsasia/. Кино болон телевизийн салбарын шилдгүүдийг тодруулдаг "Алтан бөмбөрцөг” шагнал гардуулах 74 дэх удаагийн ёслолын ажиллагаа өчигдөр АНУ-ын Беверли-Хиллс хотод болж өнгөрлөө. Энэ үеэр “La La Land” кино хамгийн шилдэг хөгжим, инээдмийн кино зэрэг долоон шагнал хүртэж дээд амжилт тогтоолоо.

Райан Гослинг, Эмма Стоун нар уг кинонд бүтээсэн дүрээрээ шилдэг эрэгтэй, эмэгтэй дүрийн шагнал хүртсэн бол Дэмиен Чазелле шилдэг кино найруулагч, шилдэг шинэ зохиол шагналын эзэн болсон байна.

Үүний зэрэгцээ уг кино “Шилдэг хөгжим” төрөлд шалгарч, “City of Stars” дуугаараа хөгжмийн зохиолч Жастин Гурвич “Алтан бөмбөрцөг” шагнал хүртжээ.

Ажил мэргэжил болон хувийн алдаа, мөн амжилт ялалтынхаа туршид дуулж, бүжиглэдэг дурлалт хосын тухай өгүүлэх энэ кино өмнө нь зургаан шагнал аваад байсан “One Flew Over the Cuckoo's Nest” болон “Midnight Express” кинонуудыг амжилтыг эвдэж долоон шагнал хүртсэн байна. Кино студиуд мюзикл  кино хийхээ больсон энэ үед “La La Land” кино гайхалтай амжилт үзүүллээ.

“La La Land” кино нэр дэвшсэн төрөл болгондоо ялалт байгуулжээ. Энэ киног саад бэрхшээл тохиолдох үед тайван бөгөөд уян хатан байж чаддаг мөрөөдөгч хүмүүст зориулжээ. Итгэл найдвар, бүтээлч сэтгэлгээ бол дэлхий дээрх хамгийн чухал зүйлс бөгөөд энэ тухай “La La Land” кинонд өгүүлдэг гэж киноны гол дүрийн жүжигчин Эмма Стоун ярилаа.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ