Ерөнхийлөгчийн сонгуулийг бие даасан хуулиар явуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2017-01-03 15:29:12

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийлээ.  

Энэ үеэр хуралдаанд оролцсон гишүүд өмнөх Ерөнхийлөгчийн хуулийн сайн талуудыг хадгалж авч үлдсэн эсэх, бие даасан хууль боловсруулах шаардлага байсан эсэх зэрэг асуудлыг тодруулж байв. СЕХ-ны дарга Ц.Содномцэрэн “Хуулийн төсөлтэй холбоотой саналаа УИХ болон Засгийн газарт хүргүүлсэн. УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийг нэгдсэн хуулиар явуулсан. Энэ нь зарим талаар учир дутагдалтай байсан. Нэгдсэн хуулиар өөр өөр сонгуулийг явуулах нь хуулиа буруу ойлгож, төөрч будилах явдал гарч байсан. Иймээс Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг дангаар хэрэглэх нь зүйтэй байна. Өмнөх хуулиудын үндсэн зарчим алдагдаагүй. Сайжруулах, нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай асуудлууд тусгагдаад явж байгаа” гэсэн тайлбар өгч байв.

Байнгын хорооны хуралдаанд УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд оролцсонгүй. Иймд Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд "Манай байнгын хороонд АН-ын бүлгийн гишүүн Ж.Батзандан, Д.Эрдэнэбат, Б.Наранхүү хамаардаг. Гэхдээ энэ гурван гишүүн чөлөө авсан. Мөн З.Нарантуяа гишүүн хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэгт багтаж ажилласан. Тиймээс АН-ын бүлэг энэ асуудлаар завсарлага авах асуудал байхгүй байх” хэмээлээ.

Үүний дараа Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг хэлэлцэхийг дэмжих санал хураалт явууллаа. Гишүүдийн олонхийн саналаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив. 

Б.Туул

Холбоотой мэдээ