Төрийн дуулал эгшиглэх үед суудлаасаа босоогүй иргэдийг баривчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-12-15 10:14:06

ШИНЭ-ДЕЛИ. /ВВС/. Өнгөрсөн даваа гарагийн орой Энэтхэгийн нэгэн кино театрт байсан 12 хүнийг баривчилжээ. Учир нь тэд төрийн дуулал эгшиглэж байх үед суудлаасаа босч, хүндэтгэл үзүүлээгүй байна.

Эдгээр хүмүүс Энэтхэгийн Керала мужийн Тривандрум хотод болсон олон улсын кино наадамд оролцож байжээ. Төрийн албан хаагчийн тушаалыг дагаж мөрдөөгүй, бусдад саад учруулсан гэх үндэслэлээр тэднийг баривчилсан байна.

Үүний зэрэгцээ ням гарагт Ченнай хотод мөн төрийн дуулал эгшиглэж байхад босч зогсоогүй найман хүн халдлагад өртсөн хэрэг гарсан байна. Төрийн дууллыг хүндэтгээгүй учраас тэдэнд шийтгэл ногдуулсан гэж цагдаагийн газар мэдэгджээ.

Кино эхлэхээс өмнө төрийн дууллыг эгшиглүүлж, энэ үеэр үзэгчид бүгд босч зогсон хүндэтгэл үзүүлэх ёстой гэсэн тогтоолыг Энэтхэгийн Дээд шүүх өнгөрсөн сард гаргасан байна. Тогтоол гарснаас хойш түүнийг зөрчсөн хүмүүсийг баривчилж, тэдэнд зохих хариуцлага тооцсон нь Энэтхэгийн эрх баригчид хуулийг чанд сахиулж байгааг илтгэн харуулж байна.

Дээрх баривчлагдсан хүмүүсийн нэг нь “хэрвээ бид суудалдаа сууж байхгүй бол суудлаа алдана гэж болгоомжилсон” гэж “Indian Express" сонины сурвалжлагчид ярьжээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ