Шатахууны зардалгүйгээс хог тээвэрлэлтэд хүндрэл учирчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2016-12-12 17:14:11

Дорнод аймгийн төв Чойбалсан хотын хувьд хог тээврийн асуудал сүүлийн үед хүндрэл үүсгэх боллоо. Энэ талаар “Чойбалсан хөгжил” ОНӨҮГ-ын дарга Ц.Сүхбаатараас тодрууллаа.

-Сүүлийн саруудад санхүүжилт орж ирэхгүй, шатахуунаа авч чадахгүйгээс  үүдэн хог тээврийн асуудалд хүндрэл үүсээд байна. Шатахуун нийлүүлэх компанитай хийсэн энэ жилийн гэрээ дуусгавар болсон. Гэвч бид сүүлийн хэдэн сар санхүүжилт орж ирэхгүй байна гэж зүгээр суулгүй аль болох асуудлыг шийдэх гэж хичээж байна. Хүндрэл үүссэнээс болж хотын Засаг дарга тодорхой хэмжээний санхүүжилт  саяхан шийдэж өгсөн ч энэ нь 10 орчим хоногийн нөөц юм гэв.

“Чойбалсан хөгжил” ОНӨҮГ –ын хувьд ажилчдын цалин, хог хаягдлын тээвэрлэлт гээд сард 30-40 сая төгрөгийн санхүүжилт шаардагддаг юм байна. Иргэдийн нуруун дээрх ачааллыг нэмэхгүй байх үүднээс хог тээвэрлэлтийн үнэ тарифыг харьцангуй багаар тогтоосон ч тээвэрлэлтийн хөлсөө хугацаанд нь төлдөггүй айл өрх тал хувь нь байдаг тухай тус газрын удирдлага учирлаж байсан.

Дорнод аймгийн хувьд гэр хорооллын нэг өрхийн хог хаягдлын сарын төлбөр 2000 төгрөг . Угтаа энэ нь 2-3 дахин бага үнэ, зөрүү мөнгийг төр даадаг тухай албаны хүн ярилаа.

                                                                                                                              Б.Туяа 

Холбоотой мэдээ