ХОВД: Сумдын сургууль, цэцэрлэгт зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2026 оны дөрөвдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Ховд
аймгийн Боловсролын газрын удирдлага, холбогдох мэргэжилтнүүд сумдад тусгай
хуваарийн дагуу ажиллаж, сургууль, цэцэрлэгт зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж
байна.
Тус аймаг 17 сумтай. Энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын 25 сургууль, 38
цэцэрлэг болон их сургууль, коллеж, насан туршийн боловсролын төв 33700 гаруй
сурагч, 4600 гаруй багш, ажилтантайгаар сургалтын үйл ажиллагаа явуулж байна.
Одоогоор
Боловсролын газраас томилсон
хоёр ажлын багийн
гишүүд Алтай, Үенч, Булган, Дарви, Мөст гэх мэт 10 суманд ажиллажээ. Ингэхдээ сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааны
талаар иргэд болон
багш, суралцагчдаас сэтгэл хангамжийн
судалгаа авсан байна. Улмаар
зарим хичээл,
сургалтын үйл ажиллагаанд
ажиглалт хийж, багш, удирдах
ажилтнуудад зөвлөмж өгөв.
Уг ажил энэ сарын 24-ний өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд ерөнхий боловсролын сургууль болон сургуулийн өмнөх боловсролын байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, салбарын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, сургалт, үйл ажиллагааны төлөвлөлт, зохион байгуулалтыг сайжруулах, гүйцэтгэлийн үнэлгээ, элсэлтийн шалгалтын бэлтгэлийг эрчимжүүлэхийг зорьж байна.