СЭЛЭНГЭ: Багачууд инженерийн мэдлэгээ сорилоо

ФОТО МЭДЭЭ
otgontsetseg@montsame.mn
2026-04-16 15:36:30

Сүхбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/Сэлэнгэ аймгийн аварга шалгаруулах “Монголиа Грийнмеч-2026-Шимт” тэмцээний II шат Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд болж өндөрлөлөө.

 

“Маргаашийн боловсролыг хамтдаа бүтээе” уриан дор зохион байгуулсан энэхүү тэмцээн нь сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн бүтээлч сэтгэлгээ болон инженерчлэлийн анхны ойлголтыг хөгжүүлэх зорилготойгоороо онцлог юм.

 

Тэмцээнд аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг, шимт хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа цэцэрлэгүүдийн таван настай хүүхдүүд баг бүрдүүлэн оролцож, өөрсдийн ур ухаан, бүтээлч шийдлээрээ өрсөлдлөө.

 

Ингээд тэмцээний ялагчаар Цагааннуур сумын 2-р цэцэрлэгийн “Стэм стар” баг шалгарч, удаах байруудад Цагааннуур сумын 1-р цэцэрлэгийн “Чадамж” баг, Сайхан сумын 3-р цэцэрлэгийн “Латлес старс” баг оржээ. Мөн тэмцээний тусгай байрын шагналыг Мандал сумын Хэрх тосгоны 5-р цэцэрлэгийн “Бяцхан зохион бүтээгчид” баг хүртсэн байна.

 

Оролцогчид өгөгдсөн даалгаврын хүрээнд өөрсдийн тоглоомоороо төрөл бүрийн энгийн механизм, загвар бүтээж, байгальд ээлтэй шийдэл санал болгон, өөрсдийн санаачилга, ур чадварыг сорьжээ.

 

Аймгийн аварга шалгаруулах энэхүү тэмцээн нь “GreenMech” олон улсын хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулдаг бөгөөд цаашид бүсийн болон улсын шатанд шилдгүүдийг тодруулах дараагийн шатанд оролцох эрхийг олгодгоороо ач холбогдолтой юм.

 

Тэмцээний үеэр аймгийн БСГ-ын дарга С.Тулга, сургуулийн өмнөх боловсролын түвшинд инженерчлэлийн энгийн ойлголтыг олгох нь хүүхдийн сэтгэн бодох чадвар, логик дараалал, бүтээлч хандлагыг эрт үеэс нь хөгжүүлэхэд маш чухал нөлөө болно” хэмээлээ.

 

Тэмцээний үеэр хүүхдүүд гүүр, барилга, хөдөлгөөнт бүтэц зэрэг инженерийн энгийн шийдлүүдийг өөрсдийн төсөөлөл, багийн хамтын ажиллагаанд тулгуурлан амжилттай гүйцэтгэсэн нь онцлог байв.

 

Шүүгчдийн зүгээс хүүхдүүдийн бүтээлч байдал, шийдлийн оновчтой байдал, багийн ажиллагааг үнэлж шилдгүүдийг тодрууллаа.