ДОРНОД: Гавьяат дасгалжуулагч Ё.Төмөрбатаагийн нэрэмжит олон улсын тэмцээн үргэлжилж байна
ФОТО МЭДЭЭ
Чойбалсан, 2026 оны дөрөвдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Гавъяат дасгалжуулагч Ёндонгийн Төмөрбатаагийн нэрэмжит боксын олон улсын тэмцээн Дорнод аймагт болж байна.
Энэхүү тэмцээнийг 2007 оноос эхлэн хоёр жил тутамд зохион байгуулж ирсэн түүхтэй. Анхны тэмцээнд хөрш зэргэлдээ БНХАУ, ОХУ-аас болон манай улсын аймаг, хотуудаас 14 багийн тамирчид 12 ангилалд хурд хүчээ сорьж, жилээс жилд оролцогчдын тоо, тамирчдын ур чадвар өсөн нэмэгдэж байгаа юм. Энэ удаагийн тэмцээнд 140 гаруй тамирчин 19 жингийн ангилалд өрсөлдөж байна.
МУГД Ё.Төмөрбатаагийн хувьд ЗХУ-ын Биеийн тамирын дээд сургуулийг багш, дасгалжуулагч мэргэжлээр суралцан төгсөж, Улаанбаатар төмөр замын “Замчин” нийгэмлэгт хөлбөмбөгийн тамирчин, Монгол Улсын Боксын шигшээ багт тамирчнаар ажлын гараагаа эхлүүлсэн хүн юм. Тэрбээр 1983 онд Дорнод аймагт томилогдон ирж, өнөөг хүртэл ажиллаж амьдарч, бүс, улс, тив, дэлхий, олимпын наадмын медальтай тамирчдыг төрүүлж, аймаг, орон нутагтаа боксын спортыг хөгжүүлэхийн төлөө сэтгэл зүрх, ажил амьдралаа зориулж явна.
Түүний шавь нараас Азийн наадмын анхны аварга, Ази тивийн аварга, зуны олимпын “Рио-2016” наадмын хүрэл, 2017 оны Дэлхийн аваргын хүрэл медальт Доржнямбуугийн Отгондалай, Дэлхийн аваргын анхны мөнгө, дэлхийн аваргын анхны хос медальт, Олон Улсын хэмжээний мастер Лутсайханы Алтанцэцэг тэргүүтэй шилдэг боксчид олноор төрөн гарчээ.







