СЭЛЭНГЭ: Хоёр сургуулийн нөхөрсөг харилцааны хүрээнд харилцан туршлага солилцох, зарим ажлуудаа хамтран зохион байгуулдаг уламжлал тогтжээ
ФОТО МЭДЭЭ
Сүхбаатар,
2026 оны дөрөвдүгээр сарын
16 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн боловсролын
салбар ОХУ-ын БНБУ-ын /Бүгд найрамдах Буриад улс/ Хиагтын районы 4-р сургуультай
/ 1981 оноос хойш хамтран ажиллаж байна.
Дээрх хамтын
ажиллагааны хүрээнд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ЕБ-ийн лаборатори 4-р
сургууль 2007 оноос эхлэн хоёр сургуулийн нөхөрсөг харилцааны хүрээнд харилцан
туршлага солилцох, жилийн ажлын төлөвлөгөөнд хийх зарим ажлуудаа хамтран зохион
байгуулдаг уламжлалтай болжээ.
2025-2026
оны хичээлийн жилийн төлөвлөгөөнд тусгаснаар хоёр сургуулийн суралцагчдын
нөхөрсөг үйл ажиллагааг энэ сарын 13-ны өдөр зохион байгуулсан байна.
Энд урлаг,
спортын нөхөрсөг тоглолтоос гадна Хиагтын районы музей үзэх, түүхэн сүмтэй
танилцах аялалуудыг зохион байгуулжээ. Мөн энэхүү танилцах аяллын хугацаанд
"Улаан өндөг"-ний баяр тохиосон нь хүүхдүүдэд сонирхолтой байсан
байна.
Хоёр сургуулийн
уулзалт нөхөрлөлийн үеэр Хиагтын 4-р сургуулийн захирал Галина Николаевна ирэх 7-р
сарын 1-9-ний өдрүүдэд Улаан-Үүд хотноо болох орос хэлний болон хүүхэд
хөгжүүлэх олон талт вакуумжуулсан сургалтад тус сургуулийн 12 суралцагчийг оролцуулах
эрхийг санал болгожээ.
Мөн суралцагчдыг
харилцан танилцуулах, соёлын солилцоог дэмжих зорилгоор ирэх хичээлийн жилийн
1-р улиралд багтаан Хиагтын сургуулийн бүрэлдэхүүнийг өөрийн сургууль дээр
айлчлах урилгыг Сүхбаатар сумын ЕБ-ийн 4-р сургуулийн захирал Ө.Золбаяр гардуулсан
байна.
Хиагт хот нь 1727 онд үүссэн байгуулагдсан түүхтэй юм. Тус 4-р сургууль нь сургалтын үйл ажиллагаагаа эхлүүлсний 150 жил, сургуулийн 60 жилийн ойгоо энэ сарын 30-нд хийхээр бэлтгэл ажлаа ханган ажиллаж байгааг сургуулийн захирал онцолсон байна.











