ХОВД: Өмнөхийн амны хүн чулуун хөшөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2026-04-16 09:51:30

Жаргалант, 2026 оны дөрөвдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/.  Ховд аймгийн нутаг дэвсгэр дэх хүн чулуун хөшөөний нэг бол Өмнөхийн амны хүн чулуун хөшөө юм.


Тус хөшөө нь Ховд аймгийн Манхан сумын Баянгол багийн нутагт, Өмнөхийн ам хэмээх газрын хойд дэнж дээр оршдог.


Нутгийн иргэд үүнийг Өмнөхийн амны хүн чулуун хөшөө хэмээн нэрлэдэг. Хөшөөг бор саарал өнгийн боржин чулуугаар хийж, 135×230 см хэмжээтэй тахилын байгууламжийн урд талд босгожээ.

 

Далайн түвшнээс дээш 2203 метрийн өндөрт орших энэ хөшөөнд хүний нүд, хамар, чихийг цоолборлон сийлжээ. Дүрслэл нь бүдгэрсэн бөгөөд хөшөө 113 см өндөр, 38 см өргөн, 23 см зузаантай юм.

 

Он цагийн хувьд 6-8 дугаар зууны үед холбогдох хүн чулуун хөшөө дурсгал гэдгээрээ онцлогтой.   


Сонирхуулахад, Манхан сум нь Улаанбаатар хотоос 1300 гаруй км, Ховд аймгийн төвөөс 80 км зайд оршдог. 4000 гаруй хүн амтай ба үүний 90 орчим хувийг захчин угсаатан эзэлж байна. 

Холбоотой мэдээ