ӨМНӨГОВЬ: Гамшгаас хамгаалах сургалтыг үе шаттай зохион байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад, 2026 оны дөрөвдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. “Гамшгаас хамгаалах”, “Аюулгүй амьдрах ухаан” сэдэвт сургалтыг энэ сарын 14-ний өдөр зохион байгуулж, 200 гаруй сурагчийг хамруулан иргэд, өсвөр үеийнхний гамшгаас урьдчилан сэргийлэх мэдлэг, чадварыг нэмэгдүүлж, болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон бусдыг хамгаалах дадал хэвшлийг төлөвшүүлэхэд чиглэжээ.
Сургалтын нээлтээр гамшгаас хамгаалах үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлж, эхний шатны сургалтад Даланзадгад сумын ерөнхий боловсролын 1, 4 дүгээр сургууль, Политехникийн коллеж, ШУТИС-ийн харьяа сургуулийн сурагч, оюутнууд хамрагдлаа.
Сургалтыг зөвхөн танхимын лекцээр хязгаарлалгүй, бодит нөхцөлд хэрхэн ажиллах дадлага, сургуулилалттай хослуулан зохион байгуулсан нь сурагчдад илүү үр өгөөжтэй болжээ.
Сурагчид сургалтад хамрагдсанаар гал түймэр, газар хөдлөлт зэрэг гэнэтийн аюул ослын үед авах арга хэмжээ, анхны тусламж үзүүлэх чиглэлээр бодит дадлага, туршлага хуримтлуулсан байна. Аюулгүй байдлыг хангах нь зөвхөн мэргэжлийн байгууллагын үүрэг бус, иргэн бүрийн оролцоо, мэдлэгт тулгуурладаг учраас энэхүү сургалт нь хүүхэд, залуусыг аюулгүй орчинд амьдрах, эрсдэлийг зөв үнэлэх чадвар олгох онцгой ач холбогдолтой юм.
Цаашид сургалтыг 14 сумын хэмжээнд үе шаттайгаар зохион байгуулах юм.