ӨВӨРХАНГАЙ: Ажлын ачааллаас шалтгаалж ёс зүйн зөрчил гаргах эрсдэл төрийн албан хаагчдад их байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2026-04-14 18:03:38

Арвайхээр, 2026 оны дөрөвдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Өнөөдөр “Удирдах албан тушаалтны манлайлал” сургалт боллоо.


Аймгийн ЗДТГ-аас Монгол улсын Ёс зүйн хороо, Авлигатай тэмцэх газар, аймгийн Прокурорын газартай хамтран зохион байгуулж буй тус сургалтад аймаг, сум, төрийн 85 байгууллагын 200 гаруй удирдах албан тушаалтан оролцож, төрийн албан хаагчийн ёс зүйн хууль тогтоомжийн хэрэгжилт, ёс зүй, манлайллын сэдвээр “номын дуу” сонссон юм.


Аймгийн хэмжээнд нийт төрийн байгууллагаас 83.3 хувь буюу 166 нь дэргэдээ дэд хороо байгуулж, 651 төрийн албан хаагч, гишүүнээр сонгогдон ажиллаж байна. Сүүлийн таван жилийн байдлаар аймгийн төсөвт байгууллагууд, төрийн болон орон нутгийн өмчит компанийн 31 удирдах албан тушаалтан авлига, албан тушаалын хэрэгт холбогдож, нийтийн албанд ажиллах эрхээ хасуулжээ. 


Гурван жилийн өмнө Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг баталсантай холбогдуулан Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөрийг баталсан. Эдгээр баримт бичгийн хэрэгжилтийг хангаж, Монгол Улсын Ёс зүйн хорооноос жил бүр судалгаа авдаг бөгөөд ёс зүйн зөрчилд холбогдох өндөр эрсдэлтэй албан хаагчид байгааг Ёс зүйн хорооны Ажлын албаны дарга Н.Ганбаатар хэллээ.


Тодруулбал, ажлын ачаалал их болон сонгон шалгаруулалт зохион байгуулах үүрэг хүлээсэн удирдах албан хаагчид ашиг сонирхлын зөрчил гаргадаг гэв. 


Холбоотой мэдээ