БУЛГАН: Халдварт болон зоонозын өвчний дэгдэлтийг тогтвортой хянахад дэмжлэг үзүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2026-04-15 22:54:43

Булган, 2026 оны дөрөвдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. АНУ-ын Засгийн газрын санхүүжилтээр FHI 360 байгууллага болон "Дэлхийн Зөн Монгол" ОУБ хамтран хэрэгжүүлж буй “Халдварт болон зоонозын өвчний дэгдэлтийг тогтвортой хянахад дэмжлэг үзүүлэх EPIC II” төсөл Булган аймагт хэрэгжихээр боллоо.


“EPIC II” төсөл нь эрүүл мэндийн мэдээллийн системийг шинэчлэх, эмнэлгүүдийн үйл ажиллагааг илүү ухаалаг, үр ашигтай болгох зорилготой эмнэлгийн цахим бүртгэлийн өргөтгөсөн хэлбэр юм.


Төслийн хүрээнд FHI 360 байгууллагын зөвлөх Н.Энхтүвшин, Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын зөвлөх Б.Сувд, С.Дивангар нар аймгийн удирдлагууд болон холбогдох байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа.


Уулзалтад Булган аймгийн Засаг даргын орлогч О.Ундрах, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Батчимэг болон Онцгой байдлын газар, эрүүл мэнд, хүнс, хөдөө аж ахуй, мал эмнэлэг, байгаль орчин зэрэг салбарын удирдлага, мэргэжилтнүүд оролцов. Уулзалтын үеэр төслийн зорилго, хэрэгжүүлэх үйл ажиллагааг танилцуулж, хойд бүсийн аймгуудтай хамтран ажиллах боломж, чиглэлийн талаар санал солилцлоо.


Халдварт болон зооноз өвчний дэгдэлтийг хянах, урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжих энэхүү төсөл нь орон нутгийн салбаруудын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах ач холбогдолтой юм.

 

“EPIC II” төслийн хоёрдугаар үе шат Булган аймагт 2026 оны гуравдугаар сарын 2-ноос есдүгээр сарын 30-ны хооронд хэрэгжинэ.


Энэхүү төслийн нэгдүгээр үе шат 2025 оны 7 дугаар сарын 28-наас 2026 оны хоёрдугаар сарын 28-ны хооронд хангайн бүсэд хэрэгжсэн. Харин хоёрдугаар үе шатанд хойд бүсийн Хөвсгөл, Булган, Орхон аймаг болон баруун бүсийн Баян-Өлгий, Ховд, Увс, Говь-Алтай, Завхан аймаг хамрагдана.




Холбоотой мэдээ