СЭЛЭНГЭ: Ургамлын баялаг нөөц, биологийн олон янз байдлаараа онцгой бүс нутагт багтдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2026-04-14 12:16:35

Сүхбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Өнөөдөр дэлхий нийтээр тэмдэглэдэг ургамалд талархах өдөр тохиож байна.

 

Жил бүрийн 4 дүгээр сарын 13-нд тэмдэглэдэг энэхүү өдөр нь байгаль, ургамлын аймагт хандах хүний хандлагыг өөрчлөх, тэдний үнэ цэнийг ойлгуулах чухал ач холбогдолтой өдөр юм.

 

Сэлэнгэ аймгийн тухайд ургамлын баялаг нөөц, биологийн олон янз байдлаараа улсдаа онцгой байр суурь эзэлдэг бүс нутаг.

 

Тухайлбал, ой, хээр, голын сав газрын экосистем хосолсон онцлогтой тул ургамлын аймаг нь маш баялаг юм. Хан Хэнтийн нурууны ойт хээрийн бүс болон Сэлэнгэ мөрөн, Орхон, Ерөө зэрэг голуудын сав газарт нуга, ой, бутлаг ургамлууд зонхилон тархсан байдаг онцлогтой.

 

Эдгээр бүс нутаг нь монгол орны ургамлын зүйлийн нэлээд хувийг бүрдүүлдэг бөгөөд эмийн, хүнсний, тэжээлийн болон хөрс хамгаалах ач холбогдолтой олон төрлийн ургамал ургадаг байна.

 

Сэлэнгэ аймагт шинэс, нарс, хус, улиас зэрэг модлог ургамал өргөн тархсан. Ялангуяа Хүдэр, Ерөө, Бугант орчмын ойд Сибирийн шинэс зонхилон ургаж, ойг бүрдүүлдэг бол нарс, хуш мод нь хөрсийг бэхжүүлж, ус, чийгийг хадгалахад чухал үүрэгтэй. Мөн нуга, хээрийн бүсэд ганга, агь, таван салаа, сөд, үетэн зэрэг ургамал элбэг ургадаг бөгөөд эдгээр нь мал аж ахуйн тэжээлийн гол эх үүсвэр болдог байна. 


Мөн Сэлэнгэ аймаг эмийн ургамлын нөөцөөр баялаг юм. Тухайлбал, чихэр өвс, нохойн хошуу, гаа, алтан гагнуур зэрэг ургамлыг уламжлалт болон орчин үеийн анагаах ухаанд өргөнөөр ашигладаг. Эдгээр ургамал нь дархлаа дэмжих, үрэвсэл намдаах, биеийн тамир тэнхээг сэргээх зэрэг олон талын ач холбогдолтой.

 

Түүнчлэн биологийн олон янз байдлын хувьд Сэлэнгэ аймаг ховор, нэн ховор ургамлын зарим зүйлийн тархац нутаг болдгоороо онцлог. Сүүлийн үед ойн доройтол, түймэр болон хүний буруутай үйл ажиллагааны улмаас зарим ургамлын төрөл зүйл устах аюулд ороод байна. Иймд ургамлыг зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх ажлыг аймгийн хэмжээнд бодлогоор дэмжин хэрэгжүүлж байна.

 

Ургамал нь зөвхөн байгалийн нэг хэсэг биш, хүний амьдралын үндэс юм. Тэд агаар цэвэршүүлж, хүчилтөрөгч ялгаруулан, уур амьсгалыг зохицуулахын зэрэгцээ хүнс, эм, түүхий эдийн гол эх үүсвэр болдгоороо онцгой ач холбогдолтой.

Иймээс Ургамалд талархах энэ өдөр Сэлэнгэ нутгийнхаа баялаг ургамлыг хайрлан хамгаалж, хойч үедээ өвлүүлэн үлдээх ухамсрыг хүн бүр төлөвшүүлэх нь чухал юм.

Холбоотой мэдээ