ХОВД: Газар тариалан эрхлэгчид зөвлөлдлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2026-04-11 10:10:56

Жаргалант, 2026 оны дөрөвдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Баруун бүсийн газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдийн зөвлөгөөнийг энэ сарын 10-нд зохион байгууллаа. 


Зөвлөгөөнд Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Баян-Өлгий аймгийн газар тариалан эрхлэгчид болон холбогдох албаны төлөөллөөс бүрдсэн 300 гаруй хүн оролцлоо.


Зөвлөгөөнөөр баруун бүсийн аймгуудын хаврын тариалалт, үрийн нөөц бүрдүүлэлт, техник тоног төхөөрөмжийн хангалт болон салбарын өмнө тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, холбогдох саналыг дээд шатны байгууллагад уламжлахаар болжээ.


Сүүлийн жилүүдэд байгаль, цаг уурын өөрчлөлтөөс тариалалт, ургацын хэмжээ шалтгаалж байна. Иймээс газар тариалангийн салбарыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, усалгааны системийг нэвтрүүлэх, техникжүүлэх, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх шаардлагатай гэдгийг зөвлөгөөнд оролцогчид хэллээ. 

  

Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор "Атар-4" тариалангийн тогтвортой хөгжлийн аяныг улсын хэмжээнд дөрвөн жилийн хугацаанд эрчимжүүлэн хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Үүнтэй холбогдуулан дээрх зөвлөгөөнийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Ховд аймгийн ЗДТГ, Хүнс хөдөө аж ахуйн газартай хамтран зохион байгуулсан юм.


Салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудлыг олон талын оролцоотой ярилцаж, гарц шийдлийг тодорхойлох үүднээс Баруун бүсийн газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдийн зөвлөгөөнийг хоёр жилд нэг удаа зохион байгуулахаар төлөвлөжээ. 


Холбоотой мэдээ