ХОВД: Нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэхийг зорьж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2026 оны дөрөвдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, иргэдийг хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэхээр "Флаш моб" бүжгийн тэмцээн зохион байгууллаа.
Энэ сарын 9-нд болсон тэмцээнд Жаргалант суманд үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн төлөөллөөс бүрдсэн 11 багийн 200 гаруй гишүүн оролцож, авьяас чадвараараа өрсөлдлөө. Мөн байгууллага, хамт олон, иргэдийн төлөөлөл тэмцээнийг үзэж сонирхон, багаа дэмжлээ.
Тэмцээнийг Жаргалант сумын Засаг даргын Тамгын газар, аймгийн Биеийн тамир, спортын газар хамтран зохион байгуулсан бөгөөд мэргэжлийн шүүгчид багийн ирц бүрдүүлэлт, зохион байгуулалт, дасгалын зохиомж, хөдөлгөөний элементүүдийн гүйцэтгэл зэргийг харгалзан үзэж үнэлгээ өгч, шилдгүүдийг шалгаруулсан юм.
Ингээд бүжгийн тэмцээнд 13 дугаар цэцэрлэгийн "Sky dance" баг тэргүүн байр, Цаст-Алтай сургуулийн "Цастын хэмнэл" баг дэд байр, Долоодугаар сургуулийн "Seven star" багийнхан гуравдугаар байр эзэлж, өргөмжлөл, мөнгөн шагнал гардан авав.
Шагналыг Жаргалант сумын ЗДТГ-ын дарга Б.Нямсүрэн, аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга Б.Бямбажав тэргүүтэй албаны төлөөлөл гардуулан өгч, баяр хүргэлээ.
Тэмцээнийг цаашид жил бүр зохион байгуулж, нийтийн биеийн тамир спортоор хичээллэх идэвхийг нэмэгдүүлж, иргэдийн эрүүл мэндийг дэмжихийг зорьж байгаа талаар зохион байгуулагчид онцоллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн хүрээнд зохион байгуулсан бие бялдрын сорилын дүнгээс үзэхэд иргэдийн дунд илүүдэл жин, таргалалт тодорхой хувийг эзэлж байна. Иймээс тогтмол хөдөлгөөнөөр иргэдийн эрүүл мэндийг дэмжих, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, иргэдийг хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна.
Тухайлбал, “Өглөөний дасгал, шугаман бүжиг-2026” үйл ажиллагааг өдөр бүр 06:30-07:30 цагт зохион байгуулж буй. Төрийн болон төрийн бус байгууллагын албан хаагчид, иргэд тусгай хуваарийн дагуу үнэ төлбөргүй хамрагдах боломжтой. Тус үйл ажиллагааг мэргэжлийн багш, дасгалжуулагчид удирдан чиглүүлж байна.