Лин Во: Монгол хүүхдүүдийн хэлний чадвар сайн, дуудлага нь цэвэрхэн
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр, 2026 оны дөрөвдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Энхтайвны корпусын сайн дурын ажилтнууд аймгийн боловсролын салбарт ажиллаж, хүүхэд залуусын сургалтын үйл ажиллагааг дэмжих, хөгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулж байна. Тэдний нэг Лин Во-той ярилцлаа.
-Өөрийг тань дэлхийн топ сургуулийг төгссөн, мэдлэг боловсрол өндөр гэж сонслоо. Яагаад сайн дурын ажил хийхээр шийдсэн бэ?
-Би Америк дахь Массачусетсийн Технологийн Их Сургуулийг IT чиглэлээр төгссөн. Ихэнх сургуулийн хамгийн дээд голч оноо 4.0-тэй байдаг. Миний хувьд тус сургуулийг 5.0 голч оноотой төгссөн ч сургуулийнхаа дээд хязгаараар 4.0 оноогоор тэмдэглэдэг.
Мэргэжлээрээ зөвхөн Америкийн хэмжээнд харилцаа холбоо тогтоох бус, олон улсын IT инженерүүдтэй уулзаж, туршлага, ур чадвараа нэмэгдүүлэх зорилгоор сайн дурын ажлыг сонгосон.
Сайн дурын ажилтан нь хоёр жилийн хугацаанд өөр улсад суурьшин амьдарч, цалин, ямар нэг ашиг харахгүйгээр хүмүүст туслахын зэрэгцээ өөрийгөө хөгжүүлэх боломж олгодог.

-Та хэдэн улс оронд очиж ажилласан бэ? Монгол руу хэрхэн томилогдож байв?
-Одоогоор 20 гаруй улсад ажилласан байна. Нэг улсад удаан суурьших бус, богино хугацаагаар олон улсад очих нь надад таалагддаг. Аялж байх хугацаандаа олон сонирхолтой зүйлсийг үзэж, ихийг сурч мэддэг. Хэдийгээр амаргүй байсан ч бүх бэрхшээлийг даван туулж сурах хэрэгтэй.
Монголд ирэхээсээ өмнө би халуун орныг биш, сэрүүн, хүйтэн уур амьсгалтай газар очих хүсэлтэйгээ хэлсэн бөгөөд надад Монгол Улсыг санал болгосон.
-Өвөрхангай аймагт ажиллаж, амьдрах таатай байсан уу? Та ид өвлийн улиралд ажилласан шүү дээ. Хүйтэнд таарсан уу?
-Монголд анх зун ирсэн. Миний амьдралд тохиолдсон хамгийн гоё зун байлаа. Яагаад гэхээр хэт халуун байгаагүй, яг зохицсон таатай мэдрэмж төрүүлж байсан. Мэдээж, өвөл хүйтэн байсан болохоор гэрээсээ өвлийн хувцсаа захиж авчруулсан. Ганц хоёр удаа ханиад хүрсэн ч Америкт бас ханиад хүрч л байдаг. Хэцүү зүйл байгаагүй дээ. Гадаад хүйтэн байсан ч дотор ороод ирэхэд дулаахан, тав тухтай байсан.
Мөн би далайн гаралтай хоолонд дуртай. Энд дуртай хоол маань байхгүй ч гэсэн үеэлийнхээ амьдарч байгаа нөхцөл байдалтай өөрийгөө харьцуулахад маш тав тухтай байгаа. Хоол хийх дургүй боловч байранд маань шарах шүүгээ байсан учраас талх, пицца хийж сурч байна.
-Хөгжилтэй явдал тохиолдов уу?
-Хөгжилтэй гэхээс илүү өөртөө шинээр бий болгосон хоббигоо хэлэхэд сур харваж сурч байгаа. Өмнө нь спортод төдийлөн дуртай биш, “Нэг юмаа байнга хийдэг, уйтгартай” гэж боддог байсан бол сур харвааны спорт, ялангуяа техник нь их таалагдсан. Мөн монгол хүмүүс баяр тэмдэглэж байгаа нь их өвөрмөц санагддаг. Саяхан эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиоход эрэгтэй багш, ажилтнууд эмэгтэйчүүдээ угтаж аваад сарнай бэлэглэсэн нь гоё байсан.

-Цагаан
сарын баяр тэмдэглэв үү?
-Айлд очиж бууз хийсэн. Цагаан сараар
багш нарындаа зочилсон. Миний хувьд их шинэлэг, сонирхолтой байлаа. Айл, айлын
таваг зассан хэлбэр, өнгө төрх нь өөр. Хэвийн боов нь уул шиг харагдаж байсан.
Мөн золгох ёс нь хүндэтгэлтэй, сайхан санагдаж байлаа. Ахмад хүнтэй золговол
гараа доогуур нь, дүү байвал дээгүүр нь тавих зэрэг ёс заншлаас суралцсан. Тэгээд
бүх сурсан, мэдсэнээ PPT болгоод
найзууд руугаа илгээсэн.
Манай вьетнамчууд уламжлалт цагаан сарын баяраараа үндэсний хувцсаа нэг их өмсдөггүй. Гэтэл монголчууд хүүхдээсээ эхлээд ахмад настан хүртэл бүгд дээл өмсөж, өв соёлоо хадгалж, авч үлдэж байгаа нь бахархууштай байлаа.
-Монгол хүүхдүүдийн сурах чадварыг хэрхэн үнэлж байна вэ?
-Би сургуульдаа англи хэл заадаг, хүүхдийн өөрөө удирдах зөвлөлүүдийг удирддаг. Мөн багш, сурагчдад төрөл бүрийн сургалт явуулж, Насан туршийн суралцах төвтэй хамтран ажиллаж байна. Бүх үйл ажиллагаа англи хэл дээр явагддаг нь онцлогтой.
Монгол хүүхдүүдийн хэлний чадвар сайн, дуудлага нь цэвэрхэн байдаг. Ялангуяа бага насны хүүхдүүд богино хугацаанд хурдан сурах чадвартай. Заримдаа хүүхдүүд миний мэдэхгүй үгийг хэлж, гайхшруулдаг. Миний жаахан байхдаа оролцож байсан сургалтуудтай харьцуулахад өнөөгийн сургалтууд илүү хөгжсөн, өндөр түвшинд хүрсэн байна.