ХОВД: Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян хэрэгжүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2026 оны дөрөвдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Жил
бүрийн дөрөвдүгээр сарыг “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сар” болгож,
аян өрнүүлдэг уламжлалтай.
Энэ
жил аяныг “Ажлын байранд нийгэм-сэтгэл зүйн эрүүл орчныг бүрдүүлцгээе” уриа
дор зохион байгуулж байна. Аяны нээлт өнөөдөр Ховд аймагт боллоо.
Сүүлийн
жилүүдэд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хүрээнд ажилтны сэтгэл зүйн эрүүл
мэнд, ажлын байрны эерэг уур амьсгалд илүү анхаарах болжээ. Ховд аймгийн тухайд барилга угсралт, уул уурхай,
боловсруулах үйлдвэрлэл, цахилгаан эрчим хүч, дулаан үйлдвэрлэл, ус хангамж, хог
хаягдал татан зайлуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагад
хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль болон дүрэм, журам, стандарт
мөрдүүлэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, зөвлөн
туслах, сурталчлан таниулах ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна.
Тус
аймгийн ЗДТГ, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар болон холбогдох мэргэжлийн
байгууллагын төлөөлөл өнөөдөр аяны зорилго,
зорилтыг танилцуулж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг хангах чиглэлээр
сургалт хийлээ. Үүнд 93 аж ахуйн нэгж,
байгууллагаас 150 гаруй инженер, техникийн ажилтан, хөдөлмөрийн аюулгүй байдал,
эрүүл ахуй хариуцсан мэргэжилтэн оролцов.
Судалгаагаар үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан гэмтлийн тоо нэмэгдэх, иргэд хөдөлмөрийн чадвараа удаан хугацаагаар алдах, хохирох эрсдэл өндөр байна. Ховд аймагт 2024 онд үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын 22 тохиолдол бүртгэгдэж, осолдогчийн тоо мөн 22 байсан бол 2025 онд 16 осол бүртгэснээс хоёр нь бүлэг осол байж, осолдогчийн тоо 27 болж нэмэгджээ. Харин энэ оны эхний улирлын байдлаар дөрвөн осол бүртгэснээс нэг нь бүлэг осол бөгөөд осолдогчийн тоо тав байна.
Иймээс
хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах, үйлдвэрлэлийн
осол, хурц хордлогоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, эрсдэлийг бууруулах,
аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн оролцоо, үүрэг, хариуцлагыг сайжруулах нь хамгийн
чухал гэдгийг албаныхан онцоллоо. 