ОРХОН: "Жаргалантын хавар" олон төрөлт тэмцээнийг 10 дахь жилдээ зохион байгуулж байна
ФОТО МЭДЭЭ
Баян-Өндөр, 2026 оны гуравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Орхон аймгийн Жаргалант сум 3500 гаруй хүн амтай бөгөөд оршин суугчид нь голчлон газар тариалан, мал аж ахуй эрхэлж амьдардаг.
Хаврын тариалалтын ажил эхлэхийн өмнө уламжлал болон зохион байгуулдаг “Жаргалантын хавар” олон төрөлт тэмцээн энэ жил 10 дахь удаагаа болж байна. Тус тэмцээнд сумын бүх байгууллага идэвхтэй оролцож, 8 төрлийн тэмцээнд 350 гаруй иргэн хүч чадал, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна.
Мөн суманд хэрэгжүүлж буй бусад ажлын хүрээнд төрийн албан хаагчид болон иргэдийг эрүүл, аюулгүй, тав тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор инженерийн шугам сүлжээнд холбогдсон, тогтвортой ногоон хөгжлийн бодлогод нийцсэн 30 айлын орон сууцны барилгыг барьж ашиглалтад оруулжээ.
Үүний зэрэгцээ тариаланчдад зориулсан, стандартын шаардлага хангасан 500 тоннын багтаамжтай зоорийг өнгөрсөн онд ашиглалтад оруулсан байна.
ЗДТГ-аас зүтгэх хүчний дунд оврын 3 трактор, бага оврын трактор болон хөдөө аж ахуйн зориулалтын 16 нэр төрлийн нийт 35 ширхэг чиргүүл, дүүжин техник хэрэгслийг худалдан авчээ. Уг ажлын хүрээнд иргэдийг зах зээлийн үнийн өсөлт, тээврийн зардлын дарамтаас хөнгөвчлөх зорилгоор эдгээр техник, тоног төхөөрөмжийг хямдралтай нөхцөлөөр ашиглуулах боломжийг бүрдүүлсэн байна.
Цаашид техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлж, өрхийн тариаланчид болон малчдын ажлыг хөнгөвчлөх чиглэлд онцгойлон анхаарч ажиллана. Түүнчлэн эдгээр техник, тоног төхөөрөмжийг агропаркт түшиглүүлэн сумын бүх иргэн, өрхийн тариаланчдад үйлчлэх бие даасан Техник дундын төв байгуулахаар төлөвлөж байна.
Мөн улсын төсвийн 500 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар ахмад, залуучуудын ордон барьжээ. Тус ордонд чийрэгжүүлэлтийн танхимын зэрэгцээ иргэд чөлөөт цагаа өнгөрөөж ширээний теннис, шатар, даам тоглох болон бусад спортын төрлөөр хичээллэх боломж бүрдүүлсэн байна.
Сумын инженерийн шугам сүлжээг үе шаттай шинэчлэн сайжруулах ажлын хүрээнд Жаргалант багийн 13 орон сууцны айл өрх, аж ахуйн нэгжүүдийн гадна дулааны 2 148 метр шугамыг шинэчилжээ. Үүний үр дүнд 192 өрх, 17 ААН болон төрийн 7 байгууллагын дулаан дамжуулалт илт сайжирсан талаар сумын удирдлагууд тэмцээний үеэр онцолсон юм.
















