ХОВД: Энэ онд 100 мянга орчим мод тарина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2026-02-28 14:51:25

Жаргалант, 2026 оны хоёрдугаар сарын 28 /МОНЦАМЭ/.  Ховд аймаг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг эхлүүлснээс хойш бүх нийтээр мод тарих өдрийг тохиолдуулан өнгөрсөн хугацаанд 1 сая гаруй мод тарьжээ. Үүнээс Жаргалант сум хамгийн олон буюу 60 мянга орчим мод тарьсан байна.


Өнгөрсөн онд Ховдынхон бүх нийтээр мод тарих өдрөөр 50 мянга гаруй мод тарьсан бөгөөд одоогоор модны ургалт 70 орчим хувьтай байна.


Энэ онд 100 мянга орчим мод шинээр тарих урьдчилсан төлөвлөгөөтэй байна. 


Модыг газар гэсэж эхэлснээс хойш буюу дөрөвдүгээр сарын дунд үеэс тавдугаар сарын сүүлч хүртэл, мөн арваннэгдүгээр сард таривал хамгийн тохиромжтой. Энэ хугацаанд тарьсан мод сайн ургаж, арчилгаа хурдан авдаг. Харин энэ хугацаанаас хоцорсон тохиолдолд бортгон савтай суулгац буюу далд үндэсний системтэй суулгацыг тарьж болно.  

 

Тарьц гэж мод үржүүлгийн газарт үр болон мөчрөөр ургуулсан 1-2 настай модлог ургамлыг хэлнэ. Харин суулгац гэж 1-2 настай тарьцыг бойжуулгын талбайд шилжүүлэн суулгаж гурваас дээш жил ургуулсан модлог ургамлыг хэлдэг. 


Модны хэмжээнээс хамааран нүх буюу тогоогоо ухаж бэлтгэнэ. Хоёр метр орчим өндөртэй суулгацад 50×70 см диаметртэй тогоо ухаж бэлдсэн байх шаардлагатай. Суулгац тарихын өмнөх өдөр тогоогоо ухаж бэлдсэнээсээ хойш усаар дүүргэж хонуулах нь хамгийн сайн үр дүнтэй байдаг.

 

Мод тарьж ургуулахад хамгийн чухал зүйл нь хөрс. Хөрсөө 50 хувь хар шороо, 30 хувь элс, 20 хувь бордоо хольж бэлтгэх хэрэгтэй. Үндсийг огт гэмтээж болохгүй.

 

Тогоо (нүх)-ны гол хэсэгт суулгацын үндсийг нугалж, гэмтээхгүйгээр жигд тараан суулгана. Үндсийг гэмтээхээс сэргийлэн хөрсийг бага багаар үндэсний хүзүүвч хүртэл хийж сайтар чигжиж өгнө. Тогооны ирмэгээс доош ердөө 20 см зай үлдэх ёстойг анхаарах хэрэгтэй. Модыг суулгасны дараа тогоог дүүртэл усалж, ус шингэсний дараа дахин тогоог дүүртэл усална.

 

Тарьсан модыг хаврын улиралд тав хоногт нэг удаа, зуны улиралд 2-3 хоногт нэг удаа тогоог дүүртэл усална. Намрын улиралд цэнэг усалгааг буюу ус хөрсөнд нэвчихгүй болтол тогоог дүүртэл хийж, хөлдсөн чигээр нь өвөлжүүлнэ. Ийнхүү зөв аргаар мод тарьж, тарилтын дараах арчилгааг сайтар хийх нь модыг сайн ургуулахад ашиг тустай.

 

Мод тарих нь чухал ч, тарьсан модоо арчилж ургуулах нь илүү чухал юм. Иргэдийг гэр бүл, найз нөхөд, байгууллага, хамт олноороо нэгдэн мод тарих, цагийг үр бүтээлтэй өнгөрүүлж, орчноо сайжруулахыг байгаль орчны салбарынхан уриаллаа.

 

Нэг га ой мод 18 сая шоо метр агаарыг шүүн цэвэршүүлж, хүчилтөрөгч ялгаруулахын зэрэгцээ утаа, униарын 30-35 хувийг өөртөө шингээдэг. Ялангуяа навчит мод дуу чимээг 25 хувь багасгах ба тоос шороог 21-76 хувь хүртэл бууруулдаг. Мөн ой мод хүний сэтгэл санааны тогтвортой байдал, эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлдэг.



Холбоотой мэдээ